Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртэж, багаараа 18 дугаар байр эзэллээ

Израиль улсын Тель-Авив хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Тель-Авив-2022” их дуулга энэ сарын 17-19-ны  хооронд амжилттай болж өндөрлөлөө. Монголын жүдо бөхийн холбооны баг тамирчид гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18-д бичигдэж тэмцээнээ өндөрлүүллээ. “Тель-Авив-2022” их дуулгад эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир хүрэл, -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн хүрэл медаль хүртсэн амжилтаар “Тель-Авив”-ыг өндөрлүүллээ. Жүдочдын дараагийн тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 25-27-нд Гүржийн нийслэл Тбилис хотноо болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ