Гурван хүрэл медаль хүртсэн манайхан есдүгээрт бичигдэж байна
Шинэ оны хоёр дахь "Их дуулга" Израилийн Тель-Авив хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг болон эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болов. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Б.Цогт-Очир Голландын гүрж гаралтай жүдоч Т.Цжакадоег 5 минут 24 секундэд вазаригаар, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн Францын Д.Боубаг 4 минут 33 дахь секундэд гурван торгуулиар цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Баасанхүү Сербийн М.Николичтэй барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй тул мөн хүрэл медаль хүртжээ. Гурван хүрэл медальтай манайхан багийн дүнгээр есдүгээрт бичигдэж буй бол гурван алт, нэг хүрэлтэй Франц тэргүүлж, тус бүр нэг алт, нэг хүрэлтэй Израиль, Украин, мөнгө, хүрэл тус бүр нэгтэй Казахстан, Итали эхний тавд орж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ