Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.
Тэрбээр авьяас билиг, хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эзэд болсонд баяр хүргэлээ. Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.
Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:
- 2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
- 2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
- 2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.
Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.
Бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн 442 суралцагчийн нэрсийн жагсаалттай энд дарж танилцана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ