Б.Батцэцэг: Ерөнхий сайдын айлчлал үр дүнтэй, өгөөж ихтэй боллоо

Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг учир аливаа хэлбэрээр улстөржүүлж болохгүй учир Бээжингийн олимпын наадамд оролцохоо мэдэгдсэн дэлхийн удирдагчдын нэг болсон. Богино хугацаанд үргэлжилсэн айлчлал болсон хэдий ч маш шахуу програмтай, үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг хоёр тал аль аль нь цохон тэмдэглэсэн" гэлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, хоёр улсын хооронд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримтуудыг уялдуулах зэргээр өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж харилцан ойлголцолд хүрсэн гэлээ.

Тухайлбал хилийн боомтуудыг бэхжүүлэх, зэсийн баяжмал нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнээ хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжих, мод тарих, экологийн чиглэлд цөлжилттэй тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, эдийн засгийн гурвалсан коридорын асуудлыг хэлэлцэх, Хятадад сурч буй оюутнуудын асуудлыг шат дараатай шийдвэрлэх, дараагийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах, мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн гэдгийг Гадаад харилцааны сайд хэллээ. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч багтсан бөгөөд энэ үеэр Хятадын Ардын банктай цахим уулзалт зохион байгуулж, хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан своп хэлцэлийг гурван жилээр сунгах асуудлыг ярилцлсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ