Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийлээ
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж байгаа түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна.
Энэ хүрээнд гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат болох анхны тэсэлгээг хийх дохиог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.
Ийнхүү гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн тооцоотой байна.
Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. "Оюу толгой" компани гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулах юм.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм.
Гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүл нээлтэд Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд албаны төлөөлөл болон "Рио Тинто" группийн удирдлагууд оролцсон юм.
"Хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна"
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Удтал хүлээгдсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” хэмээн онцлов.
"Энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой"
Мөн "Рио тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм "Миний бие Монгол оронд, Оюутолгойд дахин ирж байгаадаа баяртай байна. Монгол хүний гараар бүтсэн, хөлс хөдөлмөр шингэсэн энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой. "Оюу толгой" үйлдвэрлэлийнхээ оргил үед жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ" гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ