Сэкивакэ Митакэуми эзэн хааны цомыг гурав дахиа хүртлээ

   
  Шинэ оны эхний тэмцээн болох Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Өчигдрийг хүртэл 12 даваа, хоёр унаатай сэкивакэ Митакэуми тэргүүлж, нэг унаа илүү маэгашира Котоновака, Аби, ёкозүна Тэрүнофүжи нар нэхэж байв. Сүүлчийн өдөр Митакэуми Тэрүнофүжитэй, Аби Котоновакатай таарч, хэрвээ аварга маань учраагаа давбал гурван бөх тойрч дахин барилдах байсан юм. Хамгийн сүүлд гурван бөх тойргоор дахин барилдсан башё 28 жилийн өмнө тохиосон гэнэ билээ.           
 Сэкивакэ, ёкозүна хоёр урьд нь 16 барилдахад 12-т нь Тэрүнофүжи илүүрхжээ. Харин энэ удаа түүний баруун өвдгийн гэмтэл нөлөөлж, учраадаа ёрикиригээр ялагдлаа. 29 настай Митакэуми эзэн хааны цомыг гурав дахиа хүртэж буй нь энэ бөгөөд урьд нь 2018 оны долдугаар сарын тэмцээнд 13 даваа, хоёр унаа, 2019 оны есдүгээр сарын тэмцээнд 12 даваа, гурван унаатайгаар түрүүлжээ. Мөн уран барилдааны шагнал буюу гино-шог гурав дахиа хүртсэн тэрбээр гарамгай барилдааны шагнал (шукун-шо)-ыг зургаа, дайчин барилдааны шагнал (канто-шо)-ыг нэг удаа хүртсэн аж.     
   Маэгашира Аби гарамгай барилдааны шагнал буюу шукун-шог анх, маэгашира Котоновака дайчин барилдааны шагнал буюу канто-шог хоёр дахиа гардав.   
  Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн өмнө нь хоёр давж, хоёр унасан Болгарын Айоямаг, Ичиножо А.Ичинноров цагтаа озэки цол хүртэж явсан гүрж Точиношинг ёрикиригээр, Кирибаяма Б.Лхагвасүрэн Окиноумиг окуридашигаар давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Ишиурад ёрикиригээр, Чёошёома Г.Мөнхсайхан озэки Шёодайд котэнагэгээр дийлдлээ. Хоошёорюү 11 даваа, дөрвөн унаатай, Тамаваши, Ичиножо нар найман даваа, долоон унаатай, Кирибаяма зургаан даваа, есөн унаатай, Чёошёома дөрвөн даваа, 11 унаатайгаар Хацү башёг өндөрлүүлжээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ