Өнөөдөр Тэрүнофүжи давбал гурван бөх тойргоор барилдана
Хацү башё тун ч өрсөлдөөнтэй болж байна. Макүүчи буюу дээд зиндааг 12 даваа, хоёр унаатай сэкивакэ Митакэуми тэргүүлж, нэг унаа илүү маэгашира Котоновака, Аби, ёкозүна Тэрүнофүжи нар нэхэж буй. Өнөөдөр тэргүүлэгч болон нэхэгчид хоорондоо барилдах юм. Митакэуми Тэрүнофүжитэй, Аби Котоновакатай. Ёкозүна, сэкивакэ хоёр урьд нь 16 барилдахад 12-т нь Тэрүнофүжи давсан бол маэгаширанууд анх удаа таарав. Хэрэв ёкозүна давбал гурван бөх тойргоор дахин барилдаад оны эхний тэмцээний Эзэн хааны цомын эзэн тодорно. Өөрөөр хэлбэл Тэрүнофүжи, Митакэуми болон хоёр маэгаширагийн давсан нь Эзэн хааны цомын төлөө өрсөлдөх юм. Харин Митакэуми ялбал түрүүлнэ.
Дээд зиндаанд хүч үзэж буй бусад монгол бөхийн тухайд гэвэл ёкозүна Асашёорюүгийн ахын хүү Хоошёорюү С.Бямбасүрэн онцгой сайн байгаа бөгөөд арван даваа, дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 8:6, Ичиножо А.Ичинноров 7:7, Кирибаяма Б.Лхагвасүрэн 5:9, Чёошёома Г.Мөнхсайхан 4:10.
Өнөөдөр Хоошёорюү Аойяматай, Тамаваши Ишиуратай, Ичиножо Точиношинтой, Кирибаяма Окиноумитай, Чёошёома озэки Шёодайтай, Тэрүнофүжи сэкивакэ Митакэумитай барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ