Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт ялласан асуудлаар НҮБ-д ханджээ

Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод буй хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай аавынхаа асуудлаар НҮБ-д ханджээ. Түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙН ГАЗАРТ

2022 оны 01-р сарын 21-ны өдөр Улаанбаатар хот

Хүсэлт гаргах нь

Миний бие, Бат-Үүл овогтой Чулуудай нь 2021 оны 12 дугаар сарын 7-16-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өөрийн аав Э.Бат-Үүлтэй хамт шүүгдсэн иргэний хувьд, мөн түүний хүүгийн хувьд аавынхаа эрх зүйн байдал хүндэрч, бие махбод сэтгэл санааны хувьд хохирч, хорих ангид үзэл санааны хоригдол болоод, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл гарч болзошгүй байгаад сэтгэл зовнин энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдаж, энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн олон улсад хүний эрхийг хамгаалах хүндтэй их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн тэргүүлэгч байгууллагын хувьд миний аавд тулгаад буй хэрэгт хяналт тавьж, хуулиар олгогдсон жам ёсны эрхүүдээ эдлэх боломжоор хангахад туслана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна.

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж хэдийнэ 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд энэ хугацаанд миний аав Э.Бат-Үүл нь Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн гишүүн, Монголын Ардчилсан нам байгуулагдахад анхны даргаар, Ардын Их Хурлын шинэ танхимыг байгуулалцаж, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан. Тэрээр, Ардчилсан намын журмын нөхөдтэйгээ хамтран “малыг малчдад”, “Монгол хүн бүрт гадаад паспорт”, “орон сууцыг өрх бүрт”, “газрыг иргэн бүрт” үнэ төлбөргүй олгоход манлайлан оролцож, Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож олон хууль тогтоомжийг батлалцаж байсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг санаачлан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх онцгой эрхийг Монголын ард түмэнд авчирсан түүхэн гавьяатай хүн билээ. Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тэмцэж авчирсаных нь төлөө ардчилалд өс зангидсан Коммунист нам болох одоогийн эрх барьж буй Монгол Ардын Нам нь ардчиллыг нухчин дарахын тулд, ардчиллаар овоглодог миний аавыг олон жилийн турш удаа дараа тасралтгүй хэлмэгдүүлж гүтгэн, “үзэл санааны хоригдол” болгосоор байна.

Түүний 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байх хугацааны бүхий л үйл ажиллагааг буруутган /Анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлсэн байдаг/ тэр дундаа түүний эхлүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг санаатайгаар мушгин гуйвуулж, зохиомол хэрэг үүсгэж ял оноосноор, өнөөдөр миний аав 4 жилийн хорих ялаар шийтгэгдээд байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан үүргээ мөрдөгч, прокурорууд огт хэрэгжүүлээгүй. Хавтаст хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талыг баримталсан мөрдөн байцаах ажиллагаа явуулсны улмаас цагаатгах нотлох баримтууд бүрэн орхигдож, улмаар шүүхээс хэргийн үйл явдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, үнэн мөнийг дэнсэлж чадаагүй гэж миний зүгээс үзэж байгаа болно.

Учир нь, энэхүү хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 9 хоног хянан хэлэлцэж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэл гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт учирсан хохирол байхгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирол тогтоогдоогүй, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн журам нь НИТХ (МАН, АН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл)-ын хамтын зарчмаар шийдэгдсэн байхад зөвхөн түүнийг гэм буруутай мэтээр шүүхийн шийдвэр гарсан. Шүүх хуралд ажиглагчаар оролцсон хөндлөнгийн хараат бус бие даасан Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр аавыг минь “гэм буруугүй” гэж дүгнэсэн байдаг. Мөн одоогийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нь олон нийтэд хандан “...Э.Бат-Үүл даргыг буруугүй гэж бодож байна, манай Нийслэлээс хохирол нэхэмжлээгүй...” гэх утга бүхий үг хэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Энэ нь уг хэрэг хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад ял тулгаж, “хэрэг, хохирол” хоёрыг түүнд тохсоны нэг илрэл. Цаашлаад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд л хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл эргэлзээ бүхий байвал хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах ёстой. Эрүүгийн хуулийн концепц ч ийм байдаг билээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчин байж, үндэслэлгүйгээр түүнийг цагдан хорьсоор байна. Шүүх хурлын явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид, шат шатны прокурорууд өөрсдийн хуулийн хүрээнд олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулийг ноцтойгоор зөрчин, хэд хэдэн хууль бус үйлдлүүдийг хийсэн байдаг. Үүнд:

1. Хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн, өөрийнх нь эсрэг өөрөөр нь мэдүүлгүүдийг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хүчээр хорьж байгаад авсан, гэрчээр мэдүүлэг аваад уг мэдүүлгүүдийг ашиглан сэжигтэн яллагдагчаар татсан. Мэдүүлгийг төөрөгдүүлэх замаар авсан, нотлох баримтууд дутуу, цагаатгахтай холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулаагүй зэрэг үйлдэл. Цаашлаад прокуророос шүүх рүү шилжүүлсэн үйлдлүүд нь илт хууль зөрчсөн, хэргийн холбогдогч нарт хэргийг танилцуулаагүй зэрэг олон үйлдлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн.

2. Прокурорын шатанд энэ хэргийг илт мушгин гуйвуулж, нэг бус удаа хэвлэлийн хурал зарлан хэргийн талаар нийгмийн сэтгэл зүйд зориудаар нөлөөлөн, гүтгэн харлуулж яллах гэсэн санаа зорилготой. Энэ хугацаанд Б.Баасанцогт гэгч өмгөөлөгчийн нууц материал хэвлэлээр цацагдснаар энэхүү хэрэг илт зохион байгуулалттайгаар, улс төрийн захиалгаар явагдаж байгаа нь илчлэгдэж, хэвлэлээр гарсан билээ. Энэ зохиомол хэргийн материал дотор “Бат-Үүл нарын хэрэг” гэж захиалгаар зохион байгуулж байгаа тухай бичлэг, схем байдаг. Эдгээр нь хууль хүчний байгууллагууд авлигалд идэгдэж ашиг сонирхолын нэгдмэл бодлогоор бусдыг хэлмэгдүүлж болдогийг харуулж байна.

3. Бид анхнаас нь хурлыг олон нийтийн өмнө нээлттэй хийхийг шаардаж байсан. Учир нь, шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээлттэй шүүхээр орж байж л хангагддаг. Гэвч шүүх энэхүү хурлыг нээлттэй хэмээн зарлаад, хаалттай хуралдуулсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байхад шүүх хуралд огт оролцоогүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан тайлбар хийж байгаа нь аавыг минь хэлмэгдүүлэхийн зэрэгцээ цаашид болох хурлуудад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй байдалд хүргэж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр 15 хоногт бичгээр гарч гардуулагддаг боловч шүүх хурал дуусаад 35 хонож буй 2022 оны 1-р сарын 21-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тогтоол одоог хүртэл гараагүй, өмгөөлөгч нарын хүсэлтэд хариу өгөөгүй байгаа нь түүнийг удаан хугацаанд хорьж залхаан цээрлүүлж буй ноцтой хууль зөрчсөн явдал мөн.

5. Миний аавын хоригдож буй 409 дүгээр анги нь дамжин өнгөрөх, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, ялтан биш хүмүүс хоригддог анги болно. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудаар хүний хэвлэн нийтлэх эрхийг хааж боож болохгүй, тэр тусмаа хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ нөхцөлд хүн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийгөө өмгөөлж хамгаалах, олон нийтэд үгээ хэлэх онцгой эрхтэй байх ёстой. Гэвч хорих байгууллагаас аавын маань эрхийг зөрчиж, хоригдсоноос хойшхи түүний бичсэн нийтлэлүүд, үзэл бодлоо илэрхийлсэн бичгүүдийг гадагш гаргахгүй хорьж цагдан, хүний эдлэх жам ёсны эрх буюу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг нь шахан боогдуулж “үзэл санааны хоригдол” болгоод байна.

6. Миний аав Э.Бат-Үүл нь 2020 оны намар мориноос унаж, нуруугаа хугалж гэмтээсэн. Өнгөрсөн хугацаанд байнгын эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байсан. Энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, нотлох баримтууд эмнэлгийн магадлагааг өгсөн. Гэвч түүнийг үл хэрэгсэж хорьсон. Үүнээс үүдэн түүний эрүүл мэндийн байдал муудаж, биед нь сөрөг үр дагавар гарч болзошгүй төдийгүй амь насанд нь аюул учрахгүй гэх баталгаагүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтууд ноцтой зөрчигдөж байна.

Аав минь Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, эрх чөлөөт, тусгаар тогтносон, хүний эрхийг дээдлэгч Монгол Улсыг хөгжүүлж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө сүүлийн 30 гаруй жилийн улс төрийн амаргүй тэмцлийнхээ хугацаанд асар олон хүнд хэцүү бартааг даван туулсаар ирсэн. Түүний тэмцэл нэг намын дарангуйлал, хэсэг бүлэг этгээд, дарангуйлагч болохоор санаархсан хэнийг ч байсан цаг ямагт эсэргүүцэж, үнэнийг илчилж байсан билээ. Тэрээр Улсын Их Хурлын индэр дээрээс ч, үзэл санааныхаа төлөө жагсаж байх үедээ ч, Нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтан дээрээс ч эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалж байхыг ямагт уриалсаар ирсэн. Түүнийг эсэргүүцэж, хорсож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн олон тооны бүлэг этгээдүүд удаа дараа улс төрийн бусармаг хэргүүдийг зохиож, захиалж хэлмэгдүүлсээр ирсэн нь одоо ч хэвээр байна.

Түүний хувьд цаашид болох шүүх хурлаар шударга шүүгдэж, өөрийн хуульд заасан эрхийг эдэлнэ гэдэгт маш эргэлзээтэй байна. Шүүх засаглал өөрөө хуулиа уландаа гишгэж, илт санаатайгаар улс төрийн захиалгатай шүүн таслах ажиллагаа явуулж, хуулийг зөрчсөөр байгаа нь Монгол Улсын түүхэнд бас нэгэн хар толбо болж үлдэх төдийгүй хүнийг хэлмэгдүүлсэн захиалгат үйлдлүүд нь цаашид засрахгүй гэдэг нь тодорхой байна. 2019 оны 5-р сарын 14-нд НҮБ ын Хүний Эрхийн Хорооны гаргасан Олон улсын шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага нь улс төрийн хараат, авлигалын хамааралтай болохыг тогтоосон байдаг нь мөн энэхүү аавын минь холбогдсон шүүхийн шийдвэрээр нотлогдох үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатган түүний нэр төрийг сэргээх ёстой. Бид энэ байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үйл ажиллагааг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй, зохион байгуулалттайгаар улс төрийн захиалгаар аавыг минь хэлмэгдүүлсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаанд анхаарал хандуулан, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан чиг үүргийн дагуу хууль бусаар хорих ялаар шийтгүүлсэн, хилсээр хоригдсон миний аавд энэхүү хэргийн үнэнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлж, хөндлөнгийн хяналт тавин, олон улсын анхааралд шүүхийн ажиллагааг хандуулж ажиглагчаар оролцож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Түүнийг хорьж байгаа цаг мөч бүр хууль зөрчин хэлмэгдүүлж байгаа гэдгийг Та бүхэн ойлгоно хэмээн найдаж байна.

Хүсэлт гаргасан,

Монгол Улсын иргэн Бат-Үүлийн Чулуудай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ