У.Хүрэлсүх: Ажлын хариуцлага алдсан сайд, дэд сайдыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо.
Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг хамгаалах, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан байдаг.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ