УИХ-ын чуулган: Мэргэжлийн холбоодын хараат бус, бие дааж ажиллах эрх зүйн орчин бүрдүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 143 хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна. Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын байнгын хороо өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Г.Ганболд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, Ч.Ундрам, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж хариулт авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, мэргэжлийн холбоодыг төрийн өндөр албан тушаалтан даргалж улс төржүүлдэг асуудлыг хэрхэн зохицуулсныг тодрууллаа. Мөн гадаадаас хөрөнгө оруулалт авдаг, эсхүл гадаадын байгууллагын салбарыг хууль хэрхэн зохицуулахаар тусгасныг лавлалаа.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, холбооны бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор хуулийн төслийн 9 дүгээр зүйлд хориглох зүйл, холбооны удирдлагын хязгаарлах зүйл гэж тусгасныг онцлов. Тодруулбал, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.2-т, Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч ажиллахыг хориглоно гэж заажээ. Мөн улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны даргыг оролцуулахгүй байхаар тусгасан байна. Хууль батлагдсанаар, нийгэмд тустай, ашгийн төлөө бус холбоодын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулахад сайн нөлөөтэй гэж онцоллоо.
Мөн тэрээр, мэргэжлийн холбоодтой холбоотой зохицуулалт тусгасныг тэмдэглэв. Ингэхдээ, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны онцлогт тохирсон тусдаа хуулиар зохицуулж болно гэж ерөнхий байдлаар зохицуулжээ. Мэргэжлийн холбоодтой холбоотой хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд хамтатган хэлэлцэх боломжтойг дурдав.
Гадны хөрөнгө оруулалттай ТББ-ын төлөөлөгчийн газрын асуудлыг Гадаадын иргэн, харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг байна. Хуулийн төслийн 3.4-т олон улсын болон гадаад улсын холбоодын салбар төлөөлөгчийн газрыг байгуулах, зөвшөөрөл олгох, бүртгэх, тайлагнах, бүртгэлээс хасах, зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох, хяналт тавихтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна гэж заажээ.
Гаднаас санхүүжилт авдаг холбоо, ТББ-ын асуудлаар, хуулийн төслийн 14 дүгээр зүйлд тодорхой зохицуулалт туссаныг тодотгов. Тодруулбал, холбооны санхүүжилт нь хууль ёсны эх үүсвэртэй бол гадаадын байгууллага, хуулийн этгээдээс санхүүжилт авч болох тухай заасан байна. Харин гадаадын тусгай албад, халхавч байгууллага, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнээс санхүүжилт авахыг хориглосон заалт тусгажээ. Хуульд зааснаас бусад тохиолдолд санхүүжилт авах нь нээлттэй бөгөөд тэдгээрийг тайлагнах асуудлыг тусгасан. Ингэснээр, холбоо, ТББ-ын санхүүжилт илүү ил тод, нээлттэй байх боломж бүрдсэн. Энэ нь мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүрэг, ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж байгаа хэрэг гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хариултаа тэмдэглэсэн.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх нь үр дүнтэй байгыг дурдаад, энэ талаар холбогдох зохицуулалт тусгасан эсэхийг асуув. Мөн нэг чиглэлээр олон холбоо байгуулагдаж, давхардсан ажил гүйцэтгэдэг асуудлыг цэгцлэх боломж байгааг лавлав.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо гишүүний асуултад хариулахдаа, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод гүйцэтгэх асуудлаар хуулийн зохицуулалтгүй өнөөдрийг хүрснийг тэмдэглэв. Тиймээс хуулийн төсөлд энэ талаар тодорхой заалт туссаныг онцоллоо. Тухайлбал, хуулийн төслийн 33 дугаар зүйлд, "Онцлог бүхий холбоо" гэсэн заалт оруулсан байна. Мэргэжлийн холбоо нь нийтийн эрх ашигт үйлчлэх зорилготой, тухайн салбарын хүрээнд зохицуулалтад хамрагдах этгээдийн олонхыг нэгтгэсэн гишүүнлэлтэй байна гэж заасан. Гэхдээ иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хуулиар хязгаарлаж болохгүй тул ижил зорилгоор холбоо байгуулах боломж нээлттэй.
Төрийн зарим чиг үүргийг холбоодоор гүйцэтгүүлэх тухай заалт хуулийн төслийн 8 дугаар зүйлд байгаа. Гэхдээ Тендерийн хууль болон бусад холбогдох хуулиар дэлгэрэнгүй зохицуулах юм.
Хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.1-т, "төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг хуульд заасан зарим холбоогоор хууль заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно" гэж заасан. Ингэхдээ, холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална гэж заажээ. Тиймээс хууль батлагдсаны дараа Засгийн газар холбогдох журмыг батална гэдгийг тэмдэглэв.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ФАТФ-ын зөвлөмжөөр Засгийн газраас боловсруулсан тус төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс олон санал гарч буйг тодотгов. Тиймээс МАН-ын бүлгээс төслөөр тав хоногийн завсарлага авч Бүлгийн хурал дээр байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Ингээд төслөөр УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өгснөөр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ