Т.Баярхүү: Нийтээр нь хорьж, хязгаарлахгүй, зөвхөн тухайн бүс нутагт тохирсон шийдвэрийг гаргана
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа. Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор зарим журам, заалтыг өөрчилсөн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор зарим журмыг өөрчлөх шаардлагатай болсон ба албажсаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Эхний ээлжид эдгээрээс дурдвал, зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудаас бусдыг нь хязгаарлаж байсан нь хэвээр мөрдөгдөнө.
Улбар шар түвшинд байгаа нөхцөлд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсныг шинэ журамд нийт 15 болгож өөрчилсөн. Ингэхдээ тухайн шатны онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулах, 50 хувийн дүүргэлттэй байх гэх мэтээр журамд заасан.
Өмнө нь шар түвшинд таван байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинэ журамд ямар ч төрлийн байгууллагыг хязгаарлахгүй, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу ажиллана.
Мөн өмнөх журамд үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг төрийн байгууллага, ААН, хуулийн этгээд гэж зааглаж байсан бол энэ удаад нэгтгэж зөвхөн хуулийн этгээдэд тавигдах шаардлага хэмээн тодорхойлсон.
Улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ халдварын тархалтын түвшинг тодорхойлж УОК-д өгснөөр түүнд тохирсон шийдвэрийг гаргахаар болсон. Тэгэхээр нийтээр нь хорьж, хязгаарлахгүй, зөвхөн тухайн бүс нутагт тохирсон шийдвэрийг гаргана гэсэн үг.
Үйл ажиллагаанд тавигдах шаардлагын тухайд заримыг цуцалсан ба нийт найман шаардлагыг нэгтгэж тав болгосон. Онцолбол, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдварын эсрэг хариу арга хэмжээг авч ажиллаж боломжтой нөхцөлийг бүрдүүллээ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ