Г.Батзориг: Хилийн гацааг далимдуулж дураараа үнэ нэмж байна, ШӨХТГ ажлаа хий...
Инфляцын нөхцөл байдлын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Энэ онд манайх шиг хөгжиж буй орнуудын эдийн засгийн хамгийн том сорилт юу байх вэ?
-Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагын судалгаанаас харахад, хөгжиж буй орнуудын эдийн засагт тулгарч буй гурван том асуудал байна. Нэгд, “Ковид 19”-ийн эрдсэл хэвээр байна. 2020 оноос ужгирсан асуудал жил дамнан үргэлжилж байна. Хоёр дахь нь инфляц. Гурав дахь нь гадаад өр. Энэ хоёр асуудал нь цар тахлаас үүдэлтэй.
Цар тахлаас ангижрахын тулд зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн ч цар тахал бүрэн намжилгүй, үнийн өсөлттэй нүүр туллаа. Мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд гаднаас зээл тусламж авснаас болж гадаад өр нэмэгдэж байна. Тэгэхээр хөгжиж буй манайх шиг улсад энэ гурав хамгийн том сорилт болно.
-Арваннэгдүгээр сарын эцсийн дүнгээр улсын хэмжээнд инфляц 10.5 хувьтай гарсан. Үүнд хамгийн их жин дарж буй бүтээгдэхүүн нь махны үнэ. Нийт 21 хувиар өссөн. Бид дотооддоо махаа бэлтгэдэг мөртлөө үнээ тогтворжуулж чадахгүй байгаад юу нөлөөлж байна вэ?
-2012 оноос махны үнийг тогтворжуудах хөтөлбөрүүд хэрэгжсэн ч үр дүнгүй хоцорсон. Махны үнийг тогтворжуулахад сууриар нь шийдэх асуудлууд бий. Тухайлбал, мах малчны хотноос эцсийн хэрэглэгчийн гарт иртэл 6-7 ченж дамждаг. Бид хямд, тогтвортой үнэтэй, гарал үүсэл нь тодорхой мах иддэг болохын тулд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг авч үзэх хэрэгтэй. Махны нийлүүлэлт, нөөц бэлтгэл зэргийг бодлогоор шийдэж байж махнаас үүдсэн инфляцыг бууруулж чадна.
Аймаг бүрд махны үйлдвэртэй байх ёстой юу, мах тэгж олон ченжийн гар дамжих ёстой юу гэдгийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Аравдугаар сараас эхлээд малчид идшээ бэлдээд махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь хамгийн бага байдаг үе. Гэтэл малын гоц халдвартайгаа тэмцэж чадаагүйгээс болж, олон мал үхэж, махны нийлүүлэлт багассанаар үнэ нь буурсангүй.
Бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй, манайд үнийн индекс гэдэг зүйл алга. Шатахууны үнэ нэг төгрөгөөр өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өснө гэсэн суурь тооцоо бидэнд хэрэгтэй. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тооцох ёстой болов уу.
Үнийн индексгүйгээс болж зах зээл дээр богино хугацаанд ашиг хонжоо хайх сэдлээр хууль бус үнэ тогтож байна. Импортын барааны хомсдлыг далимдуулж, “Авбал ав, авахгүй бол боль” гэдэг хандлагаар дураараа үнээ нэмж байна. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авах чадварт 10.5 хувиас ч их дарамт үүсэж байгаа.
-Инфляц өндөр байгаа ч хажуугаар нь үнэ хөөсөрч байна гэж Та хэлэх гээд байна уу?
-Тийм. Үнийн замбараагүй өсөлт байна. Үүнийг үнийн индекс гаргаж байж зах зээлийн дүрмээр нь үргэлжлүүлнэ. Энэ бол үнэ хүчээр тогтоох гэж байгаа хэлбэр биш. Харин шударгаар үнэ тогтох хэлбэр юм. Жишээ нь, АНУ-д инфляцтай цалингийн хэмжээг уялдуулан индексжүүлсэн байдаг. Инфляц өсвөл цалин нь дагаад өсдөг гэсэн тооцоо. Бидэнд ч бас ийм тооцоо хэрэгтэй. Тэгэхгүй бол 3000 гэдэг байсан гуанзны хоол хил гацаатай байна гээд 30 мянга болтлоо нэмэгдэж болохгүй шүү дээ.
-Монголбанкнаас инфляц оны эхний хагаст эрчимтэй өсөж, сүүлийн хагаст 6-7 хувиар буурна, инфляцыг найман хувьд барина гэж үзэж байгаа. Энэ биелэх боломжтой юу?
-Монголбанкны инфляцын зорилт албан бусаар найман хувь. Ирэх онд инфляцыг эрэлтийн гаралтай, нийлүүлэлтийн гаралтай гэж хоёр хуваан авч үзэж болно. Эрэлтийн гаралтай гэдэг нь зах зээл дээр хүмүүс маш их худалдан авалт хийж, эрэлт нэмэгдэхэд ААН-үүд үнээ өсгөхийг хэлж буй юм. Одоо өрхийн орлого, зарлага буурчихсан байгаа үед эрэлтийн гаралтай инфляц үүсэх боломжгүй. Яагаад гэвэл өрхийн орлогын 60 гаруй хувийг цалингийн орлого бүрдүүлдэг. Ирэх жил цалингаа өсгөх байгууллага цөөн, өрхийн хэрэглээ төдийлөн нэмэгдэхгүй. Тиймээс өрхийн хэрэглээнээс хамаарсан эрэлтийн гаралтай инфляц өсөхгүй болов уу. Монголбанкны бодлогоор зохицуулдаг, бодлогын хүү нөлөөлдөг хэсэг нь эрэлтийн гаралтай инфляц юм. Тиймээс Монголбанк оны сүүл хэсэгт иргэдийн хүлээлтэд нөлөөлөх зорилгоор бодлогын хүүг 1-2 нэгжээр нэмж магадгүй.
Нөгөө талд нийлүүлэлтийн гаралтай инфляц гэж айхтар зүйл байна. Ложистик, тээврээс хамаарна. Аймгуудад шүлхий, арьс товруутах өвчин зэрэг малын гоц халдварт өвчин тархсанаас болж махны нийлүүлэлт буурч, үнэ нь өссөн. Шатахууны үнэ огцом нэмэгдсэн зэргээс болж инфляц нэмэгдлээ.
Инфляцын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд Монголбанкны хэрээс хэтэрсэн. Тиймээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Монголбанкнаас биш, Засгийн газраас хүлээх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хилийн гацааг арилгах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, шатахууны үнэд оролцох эсэхээ нэгмөсөн шийдэх хэрэгтэй байна.
Сонгуулийн үеэр шатахууны үнийг барьж, сонгууль дууссаны дараа үнэ нэмэгдсэнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Энэ бүгдийг харахад, Засгийн газар ирэх жил сайн ажиллаж, дээрх асуудлуудыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай. Хилийн гацааг түр зуурынх гэсэн ч түр зуурынх биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон. 2021 оны турш хил дээр импортын бүтээгдэхүүнүүд гацлаа шүү дээ. 2022 онд үүнийг сайжруулах дорвитой шийдэл алга. Ирэх онд дахиад л хил дээр ачаа бараа нь бөөгнөрсөн хэвээрээ байх магадлал өндөр байна.
-Өмнө жил Монголбанк инфляцыг найман хувьд барина гэсэн ч одоо инфляц 10.5 хувь байна. Үнэхээр инфляц Монголбанкны хэрээс хэтэрсэн үү эсвэл ажиллаж чадахгүй байна уу?
-Монголбанк нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр оролдлого хийсэн. Гэхдээ үр ашиггүйгээр дууссан. Монголбанк нийлүүлэлтийн гаралтай инфляцад оролцож чадахгүй. Аргалж чадах инфляц нь ч биш. Нийлүүлэлтийн гаралтай инфляц бол Засгийн газрын чадавхтай холбоотой асуудал.
Нэг сар болж орж ирдэг байсан бүтээгдэхүүн дөрвөн сарын дараа ирж байна. Тээвэрлэлтийн зардал 3-4 дахин нэмэгдсэн. Хилийн цаана хадгалалтын зардал ч нэмэгдсэн. Бараагаа татахын тулд гаалийн ажилчдад аргагүйн эрхэнд хахууль өгч байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Хилийн орчимд ийм зохион байгуулалтгүй байдал үүссэнийг харахад Засгийн газар хангалттай ажиллаж чадаагүй л гэсэн үг.
Гол асуудал нь одоо БНХАУ-д өвлийн олимптой учраас “Тэг ковид” гэдэг бодлого барьж байна. Үүнд нийцэж, хилээ хаалгахгүй эвтэйхэн бараагаа татах вэ гэдэг нь Засгийн газрын эхний зорилт. Засгийн газраас чингэлэг терминал ашиглалтад оруулсан. Гэвч бид чингэлэг тээврээр олигтой экспорт гаргаж чадахгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
itoim.nb
СЭТГЭГДЭЛ БИЧИХ