Омикроны тархалтын байдлаар олон улсад авч буй арга хэмжээ

Омикрон хувилбар Дельта хувилбараас илүү хурдтай тархаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн тооцоолсноор тус улсад Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш ердөө гурван долоо хоног өнгөрөхөд өдөрт шинээр бүртгэгдэж буй нийт халдварын дийлэнхийг Омикрон хувилбар зонхилох болсон гэжээ. 

Тодруулбал, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт нийт халдварын 1 хувийг Омикрон хувилбар эзэлж байсан бол арванхоёрдугаар сарын 11 гэхэд 12.6 хувь, арванхоёрдугаар сарын 18-нд 26.6 хувь, өнгөрөгч даваа гарагийн байдлаар 73.2 хувь болж нэмэгджээ. Зарим бүс нутагт үүнээс ч өндөр үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, Америкийн баруун хойд болон зүүн өмнөд хэсэгт бүртгэгдэж буй нийт халдварын 95 хувийг Омикрон хувилбар эзэлж байна гэжээ.

Удахгүй болох Зул сарын баяр, нийтийг хамарсан арга хэмжээнүүд нь Омикрон хувилбарын тархалтыг эрчимжүүлж, коронавирусийн дараагийн хүнд давлагаа эхлэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Европын орнууд хяналт, хамгаалалтаа чангатгаж эхэллээ. 

Их Британи Омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас халдварын тоо хамгийн дээд түвшинд хүрээд байна. Ерөнхий сайд Борис Жонсон "Омикроны тархалтыг хяналтандаа авахын тулд байж болох бүх аргыг эрэлхийлж байна" гэж мэдэгджээ. Лондон хотод л гэхэд өвчлөл хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо 30 хувиар өсчээ. 

Германд эмч, эрүүл мэндийн ажилтнууд олноороо халдвар авч, яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн орны багтаамж дүүрчээ. Германы эрх баригчид мягмар гарагт хуралдаж, илүү хатуу хязгаарлалт тавих талаар хэлэлцэх гэнэ. Одоогийн байдлаар Франц, Германд хорио цээрийн дэглэмийг чангаруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. 

Нидерланд улс нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног дуустал бүхий л бизнес, үйлчилгээг хаах шийдвэр гаргажээ. 

Хүн амын 77 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан Дани улсөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар Омикрон хувилбарын халдварын тохиолдол хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ.

Үүссэн нөхцөл байдлын улмаас жил бүр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг цуцалжээ. 

Вакцин Омикрон хувилбарын эсрэг хэр үр дүнтэй вэ? 

  • Их Британийн судлаачдын баталж буйгаар вакцины нэмэлт тун омикрон хувилбараар хүнд өвчлөхөөс 85 хувь хамгаална гэжээ. 
  • Модернагийн вакцины нэмэлт тун нь эсрэгбиеийн түвшинг эрс нэмэгдүүлж, омикрон хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байна гэж даваа гарагт тус компаниас мэдэгджээ. Одоо зөвшөөрөгдсөн Модернагийн вакцины нэмэлт тун нь 50 микрограмм бөгөөд эсрэгбиеийн түвшинг ойролцоогоор 37 дахин, 100 микрограмм бүрэн тун нь эсрэгбиеийн түвшинг 83 дахин нэмэгдүүлж байна гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ