Х.Нямбаатар: Засгийн газар камерын нэгдсэн систем байгуулж, иргэн бүр тоон гарын үсэгтэй болно
Цахимд шилжих ажлын хүрээнд хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлэхэд Засгийн газраас Нийтийн мэдээллийн ил тод тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өргөн барьсан. Тэгвэл тус хуулиудыг УИХ-ын чуулганаар баталлаа. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Эдгээр хууль хэрэгжиж эхэлснээр ямар шинэчлэлт, өөрчлөлт гарах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Засгийн газраас өргөн барьсан хуулиуд батлагдсанаар мөрийн хөтөлбөрт багтсан цахим үндэстэн болж, цахим шилжилт хийх хууль эрх зүйн орчин, дэд бүтэц нь бүрдлээ. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл Засгийн газраас урьдач нөхцөл, бэлтгэл ажлыг төлөвлөн ажиллана.
Нийтийн мэдээллийн ил тод тухай хуулиар төрд хадгалагдаж буй мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилна. Нээлттэй мэдээлэлд,
-Бүх төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газар зохион байгуулалт төлөвлөлтийн мэдээлэл, газар эзэмшигчийн мэдээлэл
-Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүх мэдээлэл, ашиг алдагдлын тайлан
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж буй орлого, хөрөнгийн хэмжээ
-Байгальд орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан бүх мэдээлэл
-Барилгын зөвшөөрлийн талаарх цогц мэдээлэл
-Тусгай хамгаалалттай газарт олгосон ашиглах гэрчилгээ, гэрээ, ашигласан төлбөр
-Улс төрийн намын санхүүжилт, хандив, гишүүнчлэлийн талаар мэдээлэл
-Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчдийн үнийн бүрдлийн талаар мэдээлэл /Жишээ нь, бензиний үнэ яагаад ийм үнэтэй байгаа талаарх үнийн бүрдэл/
-Төрийн сангийн зардлаар гадаадын их дээд сургуульд суралцаж буй хүмүүсийн талаарх мэдээлэл
-Нэвтрэх, ашиглахад хязгаар тогтоогоогүй таван чиглэлийн багц мэдээлэл зэргийг нээлттэй болгоно.
Төрд цугларсан хаалттай, нээлттэй, хязгаартай мэдээллийг боловсруулж нээлттэй өгөгдөл хий, төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулах, Засгийн газраас баталсан жагсаалтад ороогүй эсвэл нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авах хүсэлт гаргасан тохиолдолд нээлттэй өгөгдлийг төлбөртэй өгнө. Нээлттэй мэдээллийг цар хүрээ өргөжинө гэсэн агуулгатай батлагдсан. Төр иргэнд өгөх мэдээлэл буюу гадаад паспорт, жолооны үнэмлэхний дуусах хугацаа, хүүхдийн өвлийн амралт зэрэг нийтэд өгөх мэдээллийг төртэй харилцаж буй цахим хаягаар нь илгээнэ. Хэн нэгэн иргэний хувийн мэдээлэлд нэвтэрсэн байвал цахим хаягаар нь сэрэмжлүүлэг очно. Хууль бусаар нэвтэрсэн байвал тухайн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүний эрхийн зөрчил, цахим орчинд хүний эрхийг хамгаалахаар зохицуулагдсан. Цаашид бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг гаргаж өгсөн. Тухайлбал, бие засах газар, саун, караоке, хувцас солих өрөө зэрэг хувь хүний орон зай хадгалагддаг газруудад дуу дүрсний камер, бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Харин эдгээр төхөөрөмжийг нийтийн эзэмшлийн орон зайд, нийтийн аюулгүй байдлын үүднээс байршуулна. Хориглосон газруудад ийм төхөөрөмж байршуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Цаашид Засгийн газраас гэмт хэргээс сэргийлэх ажлын хүрээнд камерын нэгдсэн системийг бий болгоно. Энэ хүрээнд тухайн систем нь гагцхүү мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, үндэсний аюулгүй байдлыг сахих зорилгоор нэвтрэх боломжтой. Харин хэн нэгэн хүссэн хүн нь энэ систем нэвтрэхийг хориглоно.
Мөн хуулиар биометрик мэдээлэл, генетик мэдээлэл, цахим гарын үсэг, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, ял эдэлж байсан эсэх талаар хүнийг тодорхойлох боломжтой мэдээллийг нууцад хамруулж, хамгаална. Хууль хэрэгжиж эхлэхэд супермаркет, худалдааны байгууллагад хадгалагдаж байгаа биометрик мэдээллийг хураана. Өөрөөр хэлбэл, цаашид дурын үйлчилгээний байгууллага хүний биометрик мэдээллийг хадгалахыг давхан хуулиар хориглож өгсөн.
Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр цуглуулж боловсруулж ашиглахыг хориглох, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж болно. Хууль хэлэлцэх явцад даргын талаар нийтлэл бичихдээ даргаас зөвшөөрөл авна гэх ташаа ойлголт явсан. Хэвлэлийн байгууллагын бүх эрх урьдынхаараа хадгалагдаж үлдсэн. Хувь хүний нууц хэмээн хамгаалж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр мэдээлэл гаргахыг хориглож буй юм.
Цахим гарын үсгийн тухай хуулиар 16 нас хүрсэн иргэн бүрд үнэ төлбөргүй тоон гарын үсэг өгч, дөрвөн жил тутамдаа шинэчилнэ. Хувь хүний гарын үсэг, компани удирдаж захирлын гарын үсэг гэж тусдаа гарын үсэгтэй байх сонголт нь хувь хүнийх байна. Эсвэл хамтдаа нэг тоон гарын үсэгтэй байсан ч болно.
Эхний ээлжид иргэний үнэмлэхэнд тоон гарын үсэг суулгаж өгнө. Тэгээд үйлчилгээний байгууллагад иргэний үнэмлэх уншигч машинаар мэдээллээ харуулах боломжтой.
Ирэх оны тавдугаар сарын 1-ээс эхлээд иргэн нэг бүрд тоон гарын үсэг өгөх кампанит ажил эхэлнэ. Үүнд иргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Тоон гарын үсэг бүрэн нэвтэрснээр гэрээ, хэлцлийг цахимаар хийх боломжтой болно.
Кибер аюулгүй байдлын тухай хуулиар төрийн байгууллагуудын мэдээллийн сан руу орж ирж буй кибер халдлагаас хамгаална.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүр үйлчилгээнийхээ зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авна. Мөн тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ