Европын Эмийн агентлаг “Pfizer”-ын эмийг хэрэглэхийг зөвлөжээ

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Эмийн агентлаг /EMA/ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн “паксловид” эмийг яаралтай журмаар хэрэглэх зөвлөмжийг пүрэв гарагт гаргажээ.
Эмийн агентлагийн мэдээлснээр, Европын Холбоонд /ЕХ/ хараахан зөвшөөрөгдөөгүй байгаа уг эмийг “COVID-19”-өөр халдварласан, хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагагүй, хүндээр өвчлөх эрсдэлтэй насанд хүрэгчдийг эмчлэхэд хэрэглэх боломжтой ажээ.
“Паксловид”-ыг “COVID-19”-өөр халдварласан нь оношлогдсон даруйд, мөн халдварын шинж тэмдэг илэрч эхэлснээс таван хоногийн дотор хэрэглэх хэрэгтэй байна.
ЕХ-ны орнуудад өвчлөл, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан “Pfizer”-ын эмийг албан ёсны зөвшөөрөл гарахаас нь өмнө хэрэглэж эхлэх хүсэлтэй байгаа орнуудын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийн тулд энэхүү зөвлөмжийг гаргаж буйгаа тус агентлаг мэдэгджээ.
 
Эмнэлзүйн туршилтаар “паксловид”-ын эмчилгээг шинж тэмдэг илэрч эхэлснээс таван хоногийн дотор эхлүүлснээр өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг бууруулж буйг тогтоосныг Эмийн агентлаг эш татан мэдээлсэн байна.
Тодруулбал, эмийг шинж тэмдэг илэрснээсээ таван хоногийн дотор уусан өвчтөнүүдийн нэг орчим хувь нь эмчилгээ эхэлснээс 28 хоногийн дотор эмнэлэгт хэвтсэн бол плацебо уулгасан өвчтөнүүдийн хувьд энэ үзүүлэлт 6.7 хувьтай байжээ. Мөн “паксловид” уусан өвчтөнүүдийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол нөгөө бүлгийн 10 өвчтөн нас барсан байна.
“Паксловид” нь “COVID-19” халдварыг үүсгэгч “SARS-CoV-2” вирусний хүний биед үржих чадварыг нь бууруулах үйлчилгээтэй дотуур ууж хэрэглэдэг эм юм.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ