М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо
Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн ДАШТ Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавяьат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.
Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.
Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ