Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийнэ

- ОХУ-аас сэтгүүлч Б.Бадамгарав мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхээр ОХУ-д өчигдөр хүрэлцэн ирлээ.

Түүнийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов нар угтан авсан юм.

Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцааны тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа гэдгээс гадна энэхүү айлчлалын өөр нэг онцлог нь сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад Монголын төрийн тэргүүн албан ёсоор айлчилж буй анхны тохиолдол болж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
 
 
 
 

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Тухайлбал, хамтарсан төслүүдээ эрчимжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх гэх зэрэг олон талт асуудлаар хэлэлцэх юм.

Үүний зэрэгцээ “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Энхболд, Д.Өнөрболор зэрэг албаны хүн багтсан байна.

1990-2020 онд ОХУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 410 сая ам.доллар

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг авч үзвэл энэ оны эхний 11 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 1.7 тэрбум ам.доллар нь импорт байгаа бол экспортын хэмжээ 100 сая ам.доллар байв.

Манай улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч зэргийг импортолж буй бол зэсийн хүдэр, сүлжмэл гадуур цамц, адуу, үхрийн мах, гянт болдын хүдэр зэргээ экспортолж байна.

Хөрөнгө оруулалтын тухайд, 1990-2020 онд ОХУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 410 сая ам.доллар байсан нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувийг бүрдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ