Францын реппер Орэлсан шинэ дуундаа Монгол гэх нэрийг доромж утгаар ашиглажээ
Францын реппер Орэлсан шинээр гаргасан “L’odeur de l’essence” дуундаа Монгол гэх нэрийг туйлын доромж утгаар хэрэглэсэн гэж үзэн ЮНЕСКО-гийн итгэмжит Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч, ИНАЛКО их сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ш.Номиндарь НҮБ, Хүний эрхийн олон улсын нийгэмлэг, Францын соёлын яам, Элчин сайд нарт албан захидал илгээжээ.
Тэрээр уг захидалдаа “Монгол хэмээх нэршлийг доромж утгаар хэрэглэх явдлыг өөгшүүлсэн дуу гаргасан нь хүний эрхийн мэдрэмжтэй хэн бүхний дургүйцлийг төрүүлсэн хэрэг болоод байна. Энэ нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн бид үзэж байна. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй. Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно. Ташрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнэ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна. Олны танил, нөлөө бүхий Орэлсан шиг хүмүүс нь бүхэл бүтэн туургатан, тэдний соёлын болоод үндэсний таних тэмдэг, улсын болоод гарлынх нь нэрийг тодорхойлсон нэршлийг ингэж ашиглах нь « Монгол » нэрийг доромж утгаар хэрэглэх явдлыг жирийн үзэгдэл болгож, бусдын соёлд хүндэтгэлгүй хандах явдлыг нийгэмд өөгшүүлж, улмаар Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсийг дээрэлхэх, гадуурхах явдлыг нэмэгдүүлэх зэрэг хор уршигт хүргэх эрсдэлтэй байна. Тиймээс энэхүү дуучны бүтээлд хориг тавьж, улмаар франц хэлнээс "монгол" хэмээх үгийн доромж утгыг арилгах тал дээр гаргаж буй хүчин чармайлттай маань дараах байдлаар нэгдэхийг хүсье.
- Дээрх дууг албан ёсоор буруушаах;
- Уг дууг хэвлэл мэдээллээр цацуулахгүй байх тал дээр шахалт үзүүлэх;
- Дуучин Орэлсанаас Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсээс олон нийтийн өмнө уучлал гуйж, доромж үг бүхий хэсгийг дуунаасаа хасахыг шаардах;
- Дуучныг бидний шаардлагыг хүлээн авч биелүүлэхээс нь нааш тоглолт хийлгэхгүй байх, эсвэл урихгүй байх арга хэмжээ авахыг концертын танхим, фестивалиудад уриалж, шахалт үзүүлэхийг шаардаж байна" гэжээ.
https://www.change.org/p/militants-de-droits-humains-boycott-orelsan-pour-l-abolition-de-la-connotation-offensive-du-terme-mongol?utm_content=cl_sharecopy_31640562_fr-FR%3A3&recruiter=755200306&utm_source=share_petition&utm_medium=copylink&utm_campaign=share_petition Энэхүү хаягаар нэвтэрч, тус эсэргүүцэлд саналаа өгч болох юм.
“L’odeur de l’essence” дууны 2:57 секундээс эхлэн:
"Эргүү малуудыг (монголчуудыг) авч зэвсэг өгөөд
Энийгээ « шударга ёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ."
3:11 секундээс эхлэн:
"Эргүү малууд (монголчууд) эксперт болсноос хойш
Эргүү малуудаар (монголчуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж,
Эргүү малуудад (монголчуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголчуудыг) хийж байна гэжээ.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ