Ажлын 4 өдөр буюу ажил амьдралын тэнцвэр

Техник технологийн үсрэнгүй хөгжил нь хүмүүсийн ажиллах нөхцлийг өөрчилж, тэднээс шинэ мэргэжил эзэмшиж, шинэ чадвартай болохыг шаардаж байна. Биеийн хүч шаарддаг нэгэн хэвийн хөдөлмөр үеэ өнгөрөөж, боловсролд тавих шаардлага өндөрсөж, үүнийг дагаад ажилд хандах хандлага ч өөрчлөгдсөөр байна.


Ажилтны ажлын үр дүн нь түүний ажиллах урам зориг, асуудалд өөр өнцгөөс харах чадвараас ихээхэн хамаарах болсон тул тухайн ажилтан сайтар амрах шаардлагатай болжээ. Зарим салбарт илүү үр дүнтэй ажиллахын тулд илүү их амрах хэрэгтэй гэдэг дүрэм үйлчлээд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ажлын 5 өдрөөс 4 өдөртэй долоо хоногт шилжих нь зөв эсэх талаарх мэтгэлцээн дэлхийн олон оронд өрнөж байна.

Ялангуяа ажлын 4 өдөрт шилжих нь зүйтэй гэсэн хандлага барууны өндөр хөгжилтэй орнуудад хүчээ авч эхэлсэн энэ үед цар тахал дэгдсэн нь уг хандлагыг улам лавшрууллаа. Сүүлийн үед барууны хэд хэдэн компани долоо хоногт 3 өдөр амрах боломжийг ажилтнууддаа олгох болжээ. Жишээ нь, цар тахлын үед Испанийн зарим компани ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжсэн бол Шинэ Зеландын хүнс үйлдвэрлэгч Unilever компани ажилчдынхаа цалинг өөрчлөхгүйгээр ажлын цагийг 20 хувиар бууруулсан байна. Америкийн хамгийн том IT компанийн Япон дахь салбар болох Microsoft Japan компани 2019 онд ажилтнуудынхаа цалинг танахгүйгээр 4 ажлын өдөртэй болгосноор борлуулалт нь 40 хувиар өссөн гэх мэт. 


Гэхдээ ийм туршилтууд хэр ирээдүйтэй вэ, цаашдаа улс орныг бүхэлд нь хамрах үйл явц мөн үү?


Дэлхийн эдийн засгийн форумаас явуулсан The Future of Jobs 2020 судалгаанд дурдсанаар бол, 2025 он гэхэд шинэ технологиуд гарч ирснээр 85 сая ажлын байр үгүй болохоор байна. Үүнтэй зэрэгцээд цоо шинэ мэдлэг чадвар шаардах 97 сая ажлын байр шинээр бий болно. Гэтэл ихэнх компани ажилтнуудаа сургах, шинээр мэргэжил эзэмшүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй, эсвэл хүсэлгүй байна. Иймээс хүмүүс чөлөөт цагаасаа золиосолж байж шинэ мэдлэг чадвар олж авахаас аргагүй тийм нөхцөл байдал үүсжээ.


Исландын туршилт


Ковидоос өмнө буюу 2015-2019 онд Исланд улсын төрийн байгууллагуудын ажилтнуудыг ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжүүлэх туршилт явуулсан нь “санаанд оромгүй үр дүнд хүрч”, хөдөлмөрийн бүтээмж урьдын хэвээр хадгалагдсаны зэрэгцээ ажилтнуудын стресс бухимдал илт багассан байна.


Ажлын цагийг цөөлсөн нь хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлөөгүй төдийгүй хүмүүс /төрийн байгууллагын ажилтнууд/ өмнөхөөс илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай болсон байна. Олон нийтийн байгууллагуудын шаардлагаар хийж эхэлсэн уг туршилтанд нийтдээ төсвийн байгууллагын 2500 ажилтан, тэдний дотор цагдаагийн ажилтнуудаас эхлээд өндөр настны асрамжийн газарт ажилладаг хүмүүс хамрагджээ. Өөрөөр хэлбэл, тус улсын хөдөлмөр эрхэлдэг хүн амын 1 хувийн цалинг танахгүйгээр 40 цагтай ажлын долоо хоногийг 35-36 цаг руу шилжүүлсэн байна. 

Гэхдээ яг ажлын 4 өдөрт шилжээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ажлын 35-36 цагийг байгууллагууд янз бүрээр хуваарилсан бөгөөд тухайлбал, даваа гарагаас пүрэв гараг хүртэлх ажлын цагийг 1 цагаар, баасан гарагийнхыг 4 цагаар цөөлөх гэх мэт олон хувилбараар туршжээ. 


40 цаг ажиллаж байх үеийнх шигээ бүтээмжтэй ажиллахын тулд хүмүүс ажилдаа илүү төвлөрч, ажлын хугацааг хий дэмий үрэхгүй байхыг хичээж эхлэв. Мэргэжлийн ажлаас үүдэлтэй стресс, уур бухимдал багассанаас гадна өрх толгойлсон эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ илүү их цаг зав гаргах боломжтой болжээ.


Ер нь бол, ажил, амьдралын тэнцвэрийн асуудал бол Исландын хувьд шинэ сэдэв биш юм. Бүр 2005 онд хийсэн нэгэн судалгаагаар, 4 исланд хүн бүрийн нэг нь ажлаасаа ирснийхээ дараа гэр орны ажилд зарцуулах хүч тамиргүй болчихсон байдаг байжээ. Исландчууд хөрш Скандинавын орнуудын иргэдээс долоо хоногт илүү олон цагаар ажилладаг байсан боловч хөдөлмөрийн бүтээмжээр тэднээс илт хоцорч байв.  Үнэндээ Скандинавын орнууд болох Дани улсын иргэд долоо хоногт - 37 цаг, финландчууд – 37,5 цаг, норвегичүүд – 37,5 цаг ажилладаг ажээ. 


Ажлын цагийг цөөрүүлэх нь эцсийн дүндээ ачааллыг ихэсгэж, ажилтнууд хөдөлмөрийн бүтээмжээ алдахгүйн тулд ямар нэгэн байдлаар илүү цагаар ажиллахад хүрнэ гэсэн болгоомжлол байсан нь үнэн. Гэсэн хэдий ч ажлын зохион байгуулалтыг өөрчилснөөр зохих үр дүнд хүрэх боломжтой гэдгийг судалгаа харуулжээ.  Ажилтнууд ба удирдлага харилцан ойлголцож,  хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлснээр ажлын цагийг богиносгох боломжтой гэдэг нь харагдсан. Тухайлбал, хурал зөвлөгөөний тоог цөөлж, үргэлжлэх хугацааг нь богиносгож, зайлшгүй гүйцэтгэх шаардлагагүй ажлуудыг цуцалж, ажлын ээлжүүдийг шинээр төлөвлөх гэх мэт.


Ташрамд дурдахад, 2021 оны 9 дүгээр сард ДЭМБ “хэт их ажиллах нь хүний насжилтад хэрхэн нөлөөлөх вэ” гэдэг сэдвээр явуулсан өргөн хэмжээний судалгаанд дурдсанаар, 2016 онд ажлын хэт ачааллын улмаас дэлхий даяар 745 мянган хүн нас баржээ. Долоо хоногт 55 цагаас дээш хугацаагаар ажиллах нь 35-40 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс тусах магадлалыг 35 хувиар нэмэгдүүлдэг байна. Гэтэл илүү цагаар ажиллахыг зөвшөөрч буй ажилтнуудын тоо тасралтгүй өссөөр байна.


Их Британид хийсэн туршилт


Тус улсын Atom Bank 430 ажилтныхаа цалинг бууруулахгүйгээр ажлын 4 өдөрт шилжжээ. Ийм маягаар 2 жил шахам үргэлжилж буй цар тахлын үед ажилтнуудынхаа сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх гэж оролдсон нь энэ юм.


Банкны захирал Марк Маллен-ы ярьснаар, ажилтнууд долоо хоногт 34 цаг ажиллах бөгөөд даваа эсвэл баасан гарагт амарч болохоор ажлыг зохицуулсан нь хүмүүсийг компанидаа авч үлдэх, хүнд цаг үед тэдний сэтгэл санааг өөдрөг байлгах зорилготой шийдвэр ажээ. Гэхдээ долоо хоногийн ажлын цаг ердөө 3,5 цагаар багассан бөгөөд тодруулбал, урьд нь таван өдөрт 37,5 цаг ажилладаг байсан ажилтнууд одоо 4 өдөрт 34 цаг ажиллана гэсэн үг.

“Ажилдаа очоод, өдөржин ширээний ард сууж байгаад дараа нь буцаад л гэртээ харьцгаана. Цар тахлаас өмнө үүнийг байх л ёстой хэвийн зүйл гэж үздэг байлаа. Харин ковид тархсанаар заавал ингэж ажиллах шаардлагагүй гэдэг нь харагдсан. Өглөө 9-өөс орой 6 цаг хүртэл, даваа гарагаас баасан гараг хүртэл ажиллах нь хуучирсан арга барил гэж би үзэж байна” гэж Маллен ярилаа.   


Atom Bank Британийн хотуудад салбаруудгүй бөгөөд зөвхөн интернэт сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг тус улсын анхны банкуудын нэг юм. Өнгөрсөн санхүүгийн жилд тус банк 2,7 тэрбум фунт стерлингийн зээл олгожээ.


Ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжсэнээр ажилтнуудын стресс багасахаас гадна авьяаслаг залуус манайд ажиллахаар ирнэ гэж М.Мален ярьж байна. “Үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсэж байна вэ гэдгээ эргээд нэг хараач ээ гэж ковидын цар тахал хүмүүст санууллаа.  Хүмүүсийг эрүүл саруул, үр бүтээлтэй, хамгийн гол нь тэднийг аз жаргалтай болгож буй бүхий л зүйл нь зөвхөн өөрсдөд нь төдийгүй нийгэмд бүхэлд нь эерэг сайн нөлөөтэй ” гэж тэрбээр үзэж байна. 


Ташрамд дурдахад, Их Британи болон бусад улсууд харьцангуй нэлээд хожуу ажлын 5 өдөрт шилжсэн юм. 19-р зууны үед ихэнх хүмүүс долоо хоногт 6 өдөр ажилладаг байсан бол 1930-аад оны эхээр АНУ-д Хенри Форд, Их Британид эмийн сангуудын Boots сүлжээ ажиллагсдаа долоо хоногт 2 өдөр амрааж байх санаачилгыг анх гаргажээ. Энэ нь ажил ба ахуй амьдралын тэнцвэрийг сайжруулах замаар ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой байлаа. Форд ажилчдынхаа ажлын цагийг долоо хоногт 48 байсныг 40 болгож бууруулснаар хөдөлмөрийн бүтээмж нь эрс нэмэгджээ.


ЗХУ-д 1967 онд ажлын 5 өдөрт шилжсэн бол Зөвлөлтийн тэргүүн туршлагыг тэр дор нь хуулбарладаг байсан БНМАУ энэ асуудалд “хойрго хандсаар” ирсэн ба “хагас бүтэн сайн өдөр” гэдэг нэршил үүссэн байв.  Ажлын 4 өдөрт шилжих нь онолын хувьд боломжтой эсэхийг 2019 оноос хойш ОХУ-ын төр засгийн дээд түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд  ерөнхий сайд асан Д.Медведев уг асуудлыг анх хөндөж байжээ. Харин тус улсын Хөдөлмөрийн яамны хийсэн судалгаагаар, ажлын өдрийн тоог бууруулах нь ажиллах хүчний зардал, бүтээгдэхүүний өртөг өсөхөд хүргэнэ гэсэн дүгнэлт гарснаар асуудал түр зуур намжсан байна. 


Сөрөг талууд


Зарим ажил олгогчид ажлын 4 өдрийг төдийлөн таашаахгүй байна. Британийн Welcome Trust гэдэг шинжлэх ухааны судалгааны төвийн зөвхөн төв байранд гэхэд 800 хүн ажилладаг учраас тэдний ажлын цагийг өөрчлөх нь цэвэр үйл ажиллагааны талаасаа маш хүндрэлтэй байжээ. Нөгөөтэйгүүр, 3 сарын турш явуулсан судалгааны явцад тодорхой болсон зүйл гэвэл, ажилтнууд 5 өдөрт амжуулдаг ажлаа 4 өдөрт багтаах ёстой болсон нь зарим хүмүүсийн сэтгэл санааны байдал ба ажлын бүтээмжид нь сөргөөр нөлөөлсөн байна.  


Цалинг нь бууруулахгүйгээр ажилчдынхаа ажлын цагийг цөөлөхөөр ажил олгогчид мэрийж байгаа нь мэдээж тун сайн хэрэг. Гэхдээ бусад чанарын өөрчлөлтүүдийг хийхгүйгээр ажлын цагийг багасгах нь стрессийг бууруулахгүй гэж Британийн Хүний нөөцийн менежерүүдийн холбооны ажилтан Бен Уиллмот үзэж байна.


Ажлын 4 өдөрт шилжих үйл явц нь тоон технологийг нэвтрүүлэх хурд, ажилтнуудыг дахин сургах үйл явцыг стандартчлах хурдаас ихэд хамаарах болно. Уг үйл явц хэдий чинээ хурдан бөгөөд үр дүнтэй явагдана, төдий чинээ шилжилтийн үр дүнгүүд богино хугацаанд мэдрэгдэнэ. Цар тахал уг үйл явцыг улам хурдасгаж буйг дээр дурдсан билээ.


Хэрвээ нэмэлт амралтын өдөр бий болсноор орлого буурах вий гэсэн айдсыг төрүүлэх аваас хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэхийн оронд нэмэлт орлого олохын тулд элдэв төрлийн халтуур хийхэд хүрнэ. Энэ тохиолдолд ажлын өдрийг цөөлсний үр дүн гарахгүй. Үүнээс зайлсхийхийн тулд мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, шинээр мэргэжил эзэмших үйл явцыг тухайн хүнд ядаргаа түвэггүй болгох ёстой. Ингэсэн нөхцөлд л ажлын 4 өдөрт шилжих үйл явц бодитой болно.


Ямартаа ч ажлын уян хатан хуваарь бүхий мэдээллийн технологийн гэх мэт салбарууд “ямар нэгэн зовиургүйгээр” ажлын 4 өдөрт хамгийн түрүүнд шилжинэ гэдэг нь тодорхой боллоо. Ойрын 10 жилдээ тодорхой тооны компаниуд ийм горимд шилжиж, цаашдаа 2030-аад оны эхнээс бүх салбарт үйл явц өрнөнө гэж таамаглаж байна.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ВВС, lenta.ru   

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ