Монголын тэшүүрчид Канад улсыг зорьжээ

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 3 дахь гараа энэ сарын 3-5-нд болж өндөрлөв. "Бээжин -2022" өвлийн олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсон бөгөөд Монголоос 2 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны 2 дахь хагас шигшээд уралдаж 7:07.490 амжилтаар /17 оноо/ 24 дүгээрт /25/ бичигдэв. Дэлхийн цомын гурван гараанаас 2 гараанд уралдаж нийлбэр оноогоор 34 оноотой 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.   Эмэгтэй  бөөн гараанд Алтан-очирын Зул 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 /21/ дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотой 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэв. "Монголын энэ 2 тэшүүрчин Канадын Калгарид болох Дэлхийн цомын АШТ-ий 4 дэх гараанд оролцохоор "Агч модны орныг" зорилоо" гэж АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ