Г.Занданшатар: Авлига гэдэг хорт үзэгдэлтэй бүх нийтээр тэмцэх нь чухал байна
"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болсон. Тус хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Тэрбээр, "УИХ-ын гишүүний тангаргын үгэнд “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” талаар тусгагдсан байдаг. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан шинэ парламентын гишүүд маань тангаргаа сахиж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлан оролцох эрмэлзэл дүүрэн байгаа.
УИХ-ын эрхэм гишүүн Ж.Сүхбаатарын санаачилгаар Авлигын эсрэг бүлэг УИХ-д байгуулагдан ажиллаж байна. Энэхүү бүлэг нь авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
УИХ-ын намрын чуулган цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан таван үндсэн зорилтыг дэвшүүлэн тавьсны нэг нь засаглалын чадавхийг бэхжүүлж, сайн засаглал, эрүүл нийгмийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
Засаглалаа чадавхижуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой. Үүний тулд бид авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах, зайлшгүй шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг хийх зорилго дэвшүүлээд байна.
Дэлхий нийтээр “шүгэл үлээх” гэж нэрлэдэг, нийгэмд бугшсан буруу, муу үйлдэл, ёс зүйн доголдол, албан тушаалын гэмт хэрэг, түүний дотор авлигыг илчлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, шударга иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцүүлэгт бэлтгэж байна.
Шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор аливаа гэмт хэрэг, тэр дундаа хууль бус үйлдэл нь маш далд байдаг авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад томоохон ахиц дэвшил гарна гэж бид үзэж байгаа юм.
Энэхүү хуульд хууль бус үйл ажиллагааг мэдээлсэн, илчилсэн шүгэл үлээгчийг яллах, хариуцлагад татах, дарамтлахыг хориглох, аливаа халдлагаас хамгаалах зохицуулалтууд тусгагдсан. Түүнчлэн мэдээлэгчийг урамшуулах, түүнд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх асуудал ч энэ хуульд туссан.
Улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, бодит нөхцөл байдал нь авлигын шалтгаан нөхцөл дотор ихээхэн жин дарж байгаа нь гадна, дотнын судалгаануудын үр дүнгээр нотлогдож байгаа.
Тиймээс Улс төрийн намуудын төсөв, санхүүжилт нийтэд ил байх зарчимд суурилсан хуулийн төслийг Ц.Мөнхцэцэг нарын гишүүд боловсруулж, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Төрийн эрх мэдлийг иргэдэд ээлтэй байдлаар хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангахад цахим шилжилт нэн чухал ач холбогдолтой гэж УИХ үзэж байна. Төрийн албан дахь авлига, хүнд суртлыг багасгах нэг үндсэн арга нь төрийн үйлчилгээг цахимжуулах явдал юм. Энэ чиглэлээр Зөвшөөрлийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хуулийн засаглалыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах, иргэний эрхийг зөрчих явдалтай тэмцэх зорилгыг бодитоор хэрэгжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал алхам болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан Хянан шалгах түр хороо байгуулах зорилго энэ хууль батлагдсанаар хэрэгжих болно. Нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүдийг илчлэн шийдвэрлэхэд Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа дөхөм үзүүлэх болно.
Сайн засаглалыг бэхжүүлж, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн, эдийн засаг нь өсөж, ард түмний амьдрал дэгжсэн шинэ нийгмийг цогцлоох бидний хүсэл эрмэлзэлд хамгийн их саад тотгор болж буй үзэгдэл бол авлига гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч энэ хорт үзэгдэлтэй бүх нийтээр тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байна.
Авлигын барьцааг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй.
Манай улсад улс төрийн авлигын түвшин олигтой буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээр байна. “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индекст ахиц дэвшил гарахгүй байна.
Монгол Улсад авлигыг үл тэвчих үзэл бодол, үйл ажиллагаа нийт нийгмийг хамран өрнөж, үр дүнд нь авлига хумигдаж, эрүүл, шударга нийгмийг цогцлоох замдаа орсон гэсэн дүгнэлт гарах тэр өдрийн төлөө бодит тэмцэл өрнүүлэх цаг ирсэн байна.
Тиймээс авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин сэтгэлээр хамтран зүтгэхийг уриалъя.
Үндэсний чуулганаар эдгээр асуудлуудыг хэлэлцэж, авлигын эсрэг үйл ажиллагаагаа шүүн тунгааж, цаашдын зорилтоо тодорхойлон, бодит үр дүн гаргах олон чухал шийдэл дэвшүүлнэ гэдэгт итгэж байна" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ