Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ :Бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-д оролцож, үг хэллээ. Тэрбээр:

-Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Төрийн хүнд суртал тэр дундаа төрийн анхан, дунд шатны байгууллага, яамдын авлига өнөөдрийн Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж байгаа гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг болон судалгааны багийнхан хүрсэн.  Тиймээс авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ.

Хэрэв Монгол Улсын эдийн засгийг сэргээе, эрчимжсэн хөгжил рүү очъё, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог шинэ түвшинд гаргая гэвэл эхлээд өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн.

Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө аль нэг ресторанд үнэгүй хоол иддэг нь үнэн, энэ бол авлига.  Төрийн байгууллагын албан тушаалтнууд дунд сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг. Бид үүнийг байдаг л юм шиг, байх л ёстой мэт бид бодож болохгүй. Дассан сэтгэлгээ, уламжлалт хандлагыг өөрчилж, сэтэлж гарах цаг болсон.

Он дуусаад татвар, нийгмийн даатгалын, цагдаагийн, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт эхэлнэ. Энэ бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ