Орон сууцны урьдчилгааг 20 хувь болгох ажлыг ирэх сараас эхэлнэ

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаа /2021.12.06/ боллоо. Хуралдааныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн удирдан явуулав.

Хуралдаанд харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажил, оны эцсийн ажлын гүйцэтгэлээ тайлагнажээ. Тайлант хугацаанд БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг хийж, журамд өөрчлөлт оруулж, 2022 оны эхнээс хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг өглөө.

Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд иргэд урьдчилгаа 20 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, 100 сая төгрөгийн орон сууцыг авахдаа иргэд 20 хувь болох 20 сая төгрөгөө бүрдүүлээд 10 хувь дээрээ зээлийн батлан даалтын сангаас 10 хувийн баталгаа гаргуулж, үлдсэн 80 сая төгрөгөө ипотекийн зээлд хамрагдаж төлөх боломжтой болж байгаа юм. Дээрх асуудлаас гадна барилгын салбарын аж ахуй нэгжийн тоодлогод хамрагдалт 98 хувьтай, албан хаагчдын вакцинд хамрагдалт 70 орчим хувьтай, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн ажил 43 хувьтай, Өмнөговь аймгийн гурван сумын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан, “Солонго” 1, 2 хорооллын ажил удааширч байгаа зэрэг асуудлуудаар газар нэгжийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм.

Харин ирэх 14 хоногийн хугацаанд оны эхнээс хэрэгжих орон сууцны урьдчилгаа 20 хувийн асуудлыг эцэслэж, хэрэгжих нөхцлийг сайтар хангах, “Солонго” 1,2- р хорооллын ажлыг Солонгосын талтай уулзаж түргэвчлүүлэх, хөрөнгө оруулалтын тендэрийн шатанд байгаа болон гэрээ байгуулах шатны ажлуудыг идэвхижүүлэх, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, арванхоёрдугаар сарын 15 ны дотор яамны нэгж, харьяа газрууд оны эцсийн тайлангаа гаргаж өгөх, ирэх оны ажлуудыг эзэнжүүлж, өмч, хөрөнгө хүлээдцэж өгөх ажлуудыг яаравчлах үүрэг даалгаврыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн газар хэлтсийн удирдлагуудад өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ