Жиндээ гуравт эрэмбэлэгдсэн Б.Шоовдор 3000 ам.доллар хүртэнэ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгомол, чөлөөт, эмэгтэй бөхийн жин тус бүрийн эхний гуравт чансаалагдсан бөхчүүдэд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Жингээ манлайлагчдад тус бүр 10 мянга, дэд байрт 7 мянга, гуравдугаарт эрэмбэлэгдвэл 3 мянган ам.доллар. Төрөл тус бүр арван жинтэй. Манай бөхчүүдээс ганцхан ОУХМ, дэлхийн аваргын гурван хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-д 39 оноогоор гуравт эрэмбэлэгдсэн байна. Энэ жинг дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Европын дөрвөн удаагийн аварга, 24 настай болгар бүсгүй Б.Дудова 76 оноогоор тэргүүлж, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга, 26 настай энэтхэг бүсгүй М.Сарита 41 оноогоор удаалав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстаны Алматыд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж, аравдугаар сард Норвегийн Ослод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравласан Б.Шоовдор хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдовын гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалж медаль хүртсэн амжилтыг 44 жилийн дараа давтжээ. Түүнчлэн гурван дэлхийн аваргын тэмцээн дараалж медаль зүүсэн анхны бүсгүй болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ