“Вакцин тариулахыг эсэргүүцэгчийн” сүүлчийн үг

   Вакцин тариулахаас татгалзаж, COVID-19-өөр нас барсан Их Британийн нэг оршин суугч вакцин хийлгээгүйдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн тухай “Дейли мэйл” сонинд бичсэн байна. Сонинд дурдсанаар, Вустершир гүнлэгийн Малверн хотын 55 настай Глинн Стил вакциныг “амьтан дээр туршсан” гэдгээс болоод, тариулахыг хүсээгүй байна. 
Аравдугаар сарын сүүлчээр түүний шинжилгээ эерэг гарч, гэхдээ эхлээд ханиад томуугийн шинж тэмдэг л илэрч байжээ. Удалгүй түүний бие дордож, арваннэгдүгээр сарын 2-нд эхнэр нь түргэн дуудсан байна. Түрэгний тэрэг хүрэлцээгүй байснаас тэр нөхрийгөө Вустершир хотын Хатан хааны эмнэлэгт өөрөө хүргэжээ. Нөхрийг нь тэр дор нь сэхээн амьдруулах тасагт авч, долоо хоногийн дараа амьсгалын аппаратад залган, зориудаар унтаа байдалд оруулсан байна. Гэвч эмч нар Стилийг аварч чадаагүй учир, тэр арваннэгдүгээр сарын 16-нд нас баржээ. Эхнэрийнх нь хэлснээр, нөхөр нь түүнд “Миний бие өмнө нь хэзээ ч ингэж муудаж байгаагүй, би вакцин хийлгэмээр байна” гэж сүүлчийн удаа хүсчээ. 
Хиймэл амьсгалын аппаратад залгахаас өмнө сэхээн амьдруулах тасагт байхад нь түүнд вакцин тариад өгөөч гэж гуйхад, эмч нар нэгэнт оройтсон гэж хэлж байжээ. Одоо намайг “ганцаардлын хоосон ирээдүй” хүлээж байна гэж эмэгтэй хэлээд, бусад хүнийг вакцин тариулахыг уриалсан байна. ДЭМБ-ын сүүлчийн мэдээгээр,  дэлхийд 263 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, цар тахал эхлэснээс хойш бараг 5,2 сая гаруй хүн нас бараад байна.  Жон Хопкинсын их сургуулийн мэдээгээр, дээрх хругацаанд Их Британид 10 сая гаруй хүн халдвар авч, 145 мянга гаруй хүн нас бараад байгаа ажээ. Дэлхийд коронавирусээр нас барагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 10%-иар цөөрсөн байна. Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ