Д.Ганбат: Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг цахилгаан, дулаан эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайдын мэдээллийг сонссоноос гадна Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "ОХУ-ын зүгээс Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэж тооцоод Эгийн голын УЦС-ыг барихдаа байгаль орчны үнэлгээг сайн хийлгэх, болж өгвөл УЦС барихгүй байхыг зөвлөсөн байна. Байгал нуураас гарч байгаа усны эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг бол орж байгаа эх үүсвэрт нь усан цахилгаан станц ажилладаггүй.
Манай улс одоо эрчим хүнийхээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100 хувь ашиглаж байгаа. Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 Мвт-ын цахилгаан авахаар болсон байна. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр Эрчим хүчний сайд нөхцөл байдал маш аюултай түвшинд очсон гэдгийг хэллээ. Хэзээ мөдгүй зогсох магадлалтай, маш их ачаалалтай, өртэй, хөрөнгө оруулалт энэ салбарт хийхгүй байна гэдгийг илэн далангүй ярьсан. Улсын төсөвт мөнгө байгаа. Гэтэл доголдолд орчихсон эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм бэ гэдгийг хэлсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ