Ёкозүна Тэрүнофүжи анх удаа уналгүй түрүүллээ

Мэргэжлийн сумогийн 11-р сарын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Кюүшюү башёгийн 14 дэх өдөр маэгашира Абиг давснаар түрүүлэх нь тодорхой болсон ёкозүна Тэрүнофүжи урьд нь дөрөв давж, дөрөв унасан озэки Такакэйшёог ошидашигаар ялж, анх удаа нэг ч уналгүй түрүүлжээ. Энэ нь түүний зургаа дахь түрүү юм.                                     
2015 он. Нацү башё-12:3                                    
2020 он. Нагоя башё-13:2                                    
2021 он. Харү башё-12:3                                                            
 Нацү башё-12:3                         
Аки башё-13:2                         
 Кюүшюү башё-15:0.               
 Түүнчлэн Тэрүнофүжи ёкозүна цол хүртээд хоёр тэмцээн дараалж түрүүлсэн домогт Тайхо аваргын амжилтыг жарны дараа давтав. 1961 оны есдүгээр сард ёкозүна болсон Тайхо 11-р, 1962 оны нэгдүгээр сарын тэмцээнд тус бүр 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж байв.                                            
 Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Хокутофүжид, Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн тус бүр ёрикиригээр, Ичиножо сэкивакэ Мэйсэйд ошидашигаар унаж, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Такарафүжиг уватэнагэгээр давлаа. Ийнхүү Тамаваши есөн даваа, зургаан унаатайгаар оны сүүлчийн тэмцээнийг өндөрлүүлсэн бол Чёошёома 8:7, Хоошёорюү 7:8, Кирибаяма 6:9, Ичиножо 5:10.                   
 Дайчин барилдааны буюу канто-шо шагналыг барууны маэгаширагийн хоёр дахь бөх Таканошёо (11:4) хоёр, барууны маэгаширагийн 15 дахь бөх Аби (12:3) гурав дахиа, уран барилдааны буюу гино-шо шагналыг зүүний маэгаширагийн долоо дахь бөх Үра (10:5) анх хүртэв. Харин гарамгай барилдааны буюу шукун-шо шагналын эзэн тодорсонгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ