Эхний өдөр манайхан гурван хүрэл медаль хүртлээ
15 бөх зодоглосон эмэгтэйчүүдийн 52 кг-д 23 настай, ОУХМ Б.Хорлоодой Португалийн Ж.Диогог 2 минут 28 секундэд, Польшийн А.Калетаг 1 минут 18 секундэд иппон буулгаад, хагас шигшээд Токиогийн олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Францын А.Бушарт 3 минут 24 секундэд цэвэр ялагдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд марокко бүсгүй И.Соумияг 2 минут 29 секундэд цэвэр ялсан тэр, гурван "Их дуулга" дараалж медаль авлаа. Өмнө нь Баку, Парист болсон "Их дуулга"-аас хүрэл медаль зүүсэн юм.
57 кг-д 14 бөх барилдахад эхлээд Польшийн А.Подолакыг нэмэлт цагт вазаригаар ялсан 22 настай, ОУХМ Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогт Израилийн Т.Нельсон Левид вазаригаар ялагдаж, дагах барилдаанд Бельгийн М.Либир, хүрэл медалийн төлөөх барилдаанд Их Британийн А.Топракыг яллаа. Энэ нь түүний "Их дуулга"-аас хүртсэн хоёр дахь медаль бөгөөд 2018 онд Дюссельдорфын дэвжээнээс хүрэл медаль авч байв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ынхныг толгойлсон дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү эхлээд хийлж, дараа нь Кыргызстаны Б.Саламат-Уулуг 1 минут 28 секундэд цэвэр ялсан ч ОХУ-ын И.Мисировт 1 минут 35 секундэд цэвэр ялагдсан юм. Ингээд дагах барилдаанд Узбекистаны Д.Юлдошевийг 1 минут 14 секундэд, хүрлийн төлөө Францын В.Хэйятай цаг сунгаж, нэмэлт цагийн 23 дахь секундэд цэвэр ялснаар "Их дуулга"-ын зургаа дахь медалиа зүүжээ.
41 орны 223 жүдоч оролцож буй эл тэмцээний эхний өдрийн дараах байдлаар гурван хүрэл медальтай Монгол улс багийн дүнгээр наймдугаарт бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ