Японы эрдэмтэд COVID-19-ийн дельта-штамм “өөрөө өөрийгөө устгаж байгаа” тухай зарлажээ

     Японд коронавирусийн дельта-штамм “өөрөө өөрийгөө  устгасан” байж болох нь тус оронд COVID-19-ийн өвчлөл буурахад хүргэжээ. “The Japan Times” сонин эрдэмтдийн хэлснийг иш татан ингэж бичсэн байна.  Илэрсэн алдаа болон дутагдалтай талыг “засах” SARS-CoV-2-ын  чадварыг хариуцдаг коронавирусийн дельта-штамм нь nsp 14 гэсэн нэртэй уурагт хэтэрхий их мутаци хуримтлуулсан нь эцэстээ  штаммыг “өөрөө өөрийгөө устгахад” хүргэжээ гэж Үндэсний генетикийн  хүрээлэнгийн профессор Ицуро Иноуэ хэлсэн байна.  “Японд коронавирусийн дельта-штамм маш хурдан тархаж, бусад штаммаас илүү аюултай байсан юм. Гэвч түүнд олон мутаци хуримтлагдахын хэрээр эцсийн дүнд уг штамм  гэмтэж,  өөрийн хувилбарыг бий болгож чадаагүй бололтой гэж бид үзэж байгаа. Тохиолдлын тоо нэмэгдэхгүй байгааг бид харгалзан үзэхдээ,  ийм мутаци нь нэг агшинд өөрөө өөрийгөө зүй ёсоор устгах зам оржээ хэмээн үзэж байна” гэж Иноуэ хэлжээ. 
Гэмтсэн nsp14 уураг бүхий вирус нь нөхөн үржих чадвар багатай нь коронавирусийн халдварын  шинэ тохиолдлын тоо цөөрөх хүчин зүйлийн нэг болсон байж болох талтай гэж Японы өөр нэг эрдэмтэн, Ситанэгийн их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Такэси Урано мөн хэлсэн байна. “Nps 14 нь вирусээс гаралтай бөгөөд энэ уургийг тогтоон барих химийн  бодис нь их ирээдүйтэй эм болж болох учир,  ийм эм гаргаж авах ажил хийгдэж байна” гэж эрдэмтэн мэдээлжээ. 
 Нэг хоногт халдвар авсан хүний тоо хамгийн олон буюу бараг 26 мянга  байснаас хойш гурван сарын дараа  Японд COVID-19-ийн өвчлөл буурах болсон юм гэж “The Japan Times” сонинд бичсэн байна. Уг сонинд тэмдэглэснээр,  өвчлөл нэг хоногт 200 болж цөөрч, харин арваннэгдүгээр сарын 7-нд коронавирусээр нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Сүүлчийн мэдээгээр, Японд нэг хоногт COVID-19-ийн халдвар авсан 20 шинэ тохиолдол илэрч, ингэхдээ коронавитусээр нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэвч энэ нь вакцинжуулалтын явц сайн, япончууд зай барих шаардлагыг сайтар сахиж байгаагийн үр дүн бас мөн юм.
  Гэтэл Норвегийн эрдэмтэд коронавирусийн дельта-штаммын бас нэг шинэ төрлийг илрүүлжээ. AY.63 төрлийн шинэ штаммын халдвар авсан тохиолдол нийт орон даяар бүртгэгдэж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. COVID-19-ийн энэ штаммыг өмнө нь илэрч байсан штаммуудаас илүү аюултай хэмээн үзэж болохгүйг эрдэмтэд тэмдэглэж байна. Тиймээс сэтгэл түгших шалтгаан байхгүй гэж тэд мэдэгдэж байгаа ажээ. 
  Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ