Японы эрдэмтэд коронавирус өөрийгөө устгаж эхэлсэн байж магадгүй гэх дүгнэлтийг хийжээ

Япон улсад өнгөрөгч есдүгээр сард дельта хувилбарын тархалтаас үүдэлтэй цар тахлын тав дахь давлагаа оргил үедээ хүрсэн. Гэхдээ тус улс халдварын тархалтын эсрэг дэлхийн бусад орнуудтай яг ижил арга хэмжээ хэрэгжүүлсэн ч сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тохиолдол огцом буурсан нь хэсэг эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан байна.

Тодруулбал, Японы улсад өдөрт шинээр илрэх коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн гурван сарын турш 5000-26000 хүрч байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дунджаар 200 орчимд хэлбэлзэж байгаа юм.

Тэгвэл Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудад COVID-19”-ийн тархалт нэмэгдсээр байгаа ч тус улсад тохиолдол огцом буурсан явдлыг судалж, дүн шинжилгээ хийжээ.

Улмаар эрдэмтэд “SARS-CoV-2” вирусийн дельта хувилбар өөрийгөө устгах” процесс явагдсан байж магадгүй. Энэ нь халдварын тархалт гэнэт огцом буурсан шалтгаан байж болох юм гэх сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна. Мөн Японы улсын нийт хүн амын 76.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан нь халдварын тархалт буурахад гол нөлөөг үзүүлсэн гэх таамгийг дэвшүүлсэн юм. Түүнчлэн, Японы ард түмний дунд олон нийтийн газар явахдаа зай барих, амны хаалт зүйх зэрэг нь бараг уламжлалт соёл болтлоо хэвшсэн нь халдварын тархалт буурах өөр нэг гол хүчин зүйл гэж үзэж байгаа аж.

Харин коронавирус өөрийгөө устгаж эхэлсэн байж болзошгүй гэх таамгийг Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Иноүэ Итүро дэвшүүлсэн юм. Түүний үзэж байгаагаар Япон улсад тархсан дельта хувилбарын дээжид генийн судалгаа явуулахад, “SARS-CoV-2” вирус маш хурдтай буюу сард хоёр удаа мутацид ордог. Хэт хурдтай генетикийн өөрчлөлттэй холбоотойгоор вирусийн уурагт хэт олон nsp14” бүтцийн бус уураг хуримтлагддаг. Улмаар вирус тухайн алдааг цаг тухайд нь засаж, мутаци явуулах гэж тэмцэж, эцэст нь өөрийгөө устгахад хүргэдэг гэж үзэж байгаа аж.

Мөн судалгаагаар Европ, Африк тивтэй харьцуулахад Ази хүмүүсийн РНХ-д SARS-CoV-2 вирус руу халддаг APOBEC3A” гэх хамгаалалтын фермент илүү өндөр ажиглагджээ. Тиймээс Японы Үндэсний генетикийн хүрээлэн болон Ниигата их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг APOBEC3A” фермент нь вирусийн nsp14 уурагт хэрхэн нөлөөлж, корнавирусийн идэвхжлийг сааруулж байгаа эсэхийг судалж эхэлсэн байна.

Эх сурвалж: Japantimes

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ