Казахстаны гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг зодог тайллаа
Дэлхийн шилдэг жүдочдын нэг, "Рио-2016" олимпын хүрэл медальт, "Будапешт-2017", "Баку-2018" дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны гавьяат тамирчин Г.Отгонцэцэг зодог тайлжээ. Улаанбаатарт 1992 оны нэгдүгээр сарын 25-нд мэндэлсэн тэрээр 2015 оны нэгдүгээр сараас Казахстаны нэрийн өмнөөс барилдах болж, жил хагасын сарын Бразилын Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпын 31-р тоглолтын эхний тойрогт Гвиней-Бисаугийн Т.Лимаг ялсан ч дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы А.Кондод ялагдаад, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Европын хошой аварга, Румыны Э.Черновицки, Кубын М.Альварес нарыг ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт "Кирмет" одонгоор шагнуулсан Г.Отгонцэцэг мөн онд тус улсын гавьяат тамирчин цол хүртсэн дөрөв дэх жүдоч болсон юм. Түүнээс өмнө А.Шахаров 2001, А.Житкеев 2008, М.Раков 2009 онд гавьяат тамирчин цолоор шагнуулсан аж.
Өнгөрсөн зун Японы нийслэл Токиод болсон зуны олимпын 32 дахь наадмын эхний даваанд Азийн хошой аварга, БНХАУ-ын Ли Янанд цэвэр ялагдсан билээ.
Олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг 2016 онд дэлхийн шилдэг жүдочоор шалгарсан удаатай. Эл онд арван тэмцээнд зодоглохдоо тэрээр ганзага хоосон буцсан нь үгүй, тав түрүүлж, хоёр үзүүрлэн, гурвантаа гуравт оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ