Монголын хоккейчид анх удаа битүү ордонд хүч сорино
Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн “Базальт цом” улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдрийн 10.00-18.00 цагт Мөсөн өргөөд болно. Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагдах аж. U10 буюу 8-9 насны ангилалд нийт 3 баг /Багануур, Эрдэнэт, Мэргэн академи-Ангаахай багууд/, U12 буюу 10 -11 насны ангилалд нийт 4 баг /Багануур, Эрдэнэт, АБ , Мэргэн академи-Бамбарууш баг/-ийнхан хурд хүчээ сорих юм. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар үнэгүй байх аж.
Мөн Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний Плей-оффын тоглолтууд энэ сарын 21, 22, 24-ний өдрүүдэд Мөсөн өргөөд болно. Плей-офф буюу шөвгийн тоглолтод “Отгон-Од-Бласт” “Шарын гол”, “Хангарьд” “Багануур” багууд өрсөлдөнө. Энэ тэмцээний хүүхдийн тасалбар үнэгүй байх юм.
Монголын хоккейчид Олон Улсын Олимпын хорооны стандартын мөсөн дэвжээ бүхий битүү ордонд ийнхүү анх удаа хүч сорих нь. Түүх сөхвөл 1945 оны 12-р сарын 23-нд Монголд анх удаа ил мөсөн гулгуурын талбай нээгдэж, төр засгийн тэргүүн, гадаадын дипломатууд гээд 8 настай балчраас 80 настнууд гулгаж цэнгэж байсан тухай Үнэн сонинд бичсэн байдаг. Тэгэхээр 86 жилийн дараа Монгол Улс Олимпын стандартын мөсөн дэвжээтэй болж байна. Цар тахал, хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан хоккейн лигийн тэмцээнүүд саяхан нээлтээ хийсэн Степпе Арена Мөсөн өргөөд ийнхүү үргэлжилж, үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ.
Тэмцээнийг MNB SPORT сувгаар шууд дамжуулах бөгөөд Мөсөн өргөө Улсын онцгой комиссын анхааруулгын дагуу 50 хувийн дүүргэлттэй байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ