Гайхамшиг үргэлж байдаг

NLP-ийг үндэслэгчдийн нэг, нэрт сэтгэл судлаач Роберт Дилтсийн ээж нь 1978 онд хөхний хорт хавдраар өвчилжээ. Эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гарсангүй. 1982 онд Патрисия Дилтс өвчнийхээ дөрөв дэх үе шатандаа эмнэлгээс гарчээ.
Нэгэнтээ тэрээр олон хүмүүст, мөн үйлчлүүлэгчиддээ тусалж чадсан юм чинь ээждээ ч гэсэн яагаад тусалж болохгүй гэж? хэмээн Роберт боджээ.
Ингээд Дилтс ээжтэйгээ хамт хэд хоног гэртээ бүгэн, ажлаа хийх явцдаа, сэтгэл судлалын хамгийн чухал нээлтүүдийнхээ нэгийг олсон юм. Тэрээр хүмүүс нь өөрсдөө амьдралаа сайн сайхан болгож өөрчлөхийг хүсдэггүйн шалтгааныг олж мэджээ. Дилтс үүнийгээ "итгэл үнэмшлийн хязгаарлалт" буюу "ухамсрын вирус" хэмээн нэрлэсэн юм. Энэ нь гурван янз байлаа.
- Хүү минь дээ, хэмээн Патрисия Дилтс түүнд хандан, - Би чамайг надад тун их ачлалтай байж, намайг ингээд зүгээр байж байгаад бүү үхчихээсэй гэж хичээж байгааг чинь би харж, ойлгож байна. Гэхдээ 4-р шатандаа орсон хавдраас хэн ч эдгэрч байгаагүй, ялангуяа эмч нар юу ч хийж чадахгүй шүү дээ, гэж хэлжээ.
Энэ бол Дилтсийн "найдваргүй байдал" гэж нэрлэсэн анхны хязгаарлагдмал итгэл үнэмшил байлаа. Нэгэнт хэн ч, юу ч хийж чадаагүйгээс хойш би юу хийж чадах билээ. "Ямар ч эмэгтэй хүн байсан үүнийг хийж чадахгүй", "энэ улсад хэн ч үүнийг хийж чадахгүй", "манай тэтгэвэр авагчдын хэн ч байсан гэсэн..." гэх мэт хувилбартай сонголтууд байдаг ажээ. Гэвч Дилтс энэ мэтийн найдваргүй байдлыг хэрхэн даван туулж болохыг тун хурдан богино хугацаанд таамаглаж олоогүй бол ийм гайхалтай сэтгэл зүйч болохгүй ч байсан байх бөгөөд гагцхүү эдгээр үл хамаарах зүйлсийг л олох хэрэгтэй байсан юм.
Тэгээд тэр ээждээ энэ тухай сонины хайчилбарууд, эмнэлгийн сэтгүүлүүдээс авсан ишлэл, эмч нарын хувьд санаанд оромгүй, тайлагдашгүй гэмээр хүнд өвчнөөр өвдсөн ч эдгэрсэн хүмүүсийн тухай телевизийн нэвтрүүлгийн бичлэгүүдийг авчирч үзүүлжээ. Ийм тохиолдлууд амьдралд үнэхээр байдаг бөгөөд энэ бүхнийг л тайлбарласан байлаа. Хэрэв та "Манай улсад ийм зүйлс нь үнэхээр байж боломгүй явдал" гэсэн сэтгэгдэлийг бидэнд бичихэд л, энэ нь найдваргүй байдал буюу өөрөөр хэлбэл хамгийн анхны хязгаарлагдмал итгэл үнэмшил болох юм. Эм бэлдмэл бол бидний цөхрөлгүйгээр эрэлхийлж, таныг байнга уншиж байна хэмээн найдаж байдаг нийтлэлүүдийн түүх юм.
Гэвч дараа нь энэ бүх асуудал зогсонги байдалд оров. Дилтс хоёр дахь төрлийн "ухамсрын вирус" гэгчтэй тулгаран тун арчаагүй байдалд оров. Ээж нь түүнд иймэрхүү хүмүүс байдаг л юм гэж хэлжээ. Гэхдээ тэд бол тун онцгой хүмүүс бөгөөд үл хамаарагчид ажээ. Харин би бол тийм биш. Би чинь эгэл жирийн мөртлөө хөгшин, сул дорой, өвчтэй эмэгтэй шүү дээ. Би тэдэн шиг зүйлийг ч хийж чадахгүй, надад тийм хүч чадал болоод нөөц бололцоо ч байхгүй гэжээ.
Гэвч тэр үүнийг ч гэсэн бас даван туулж гарах боломжтой болсон нь, ямар ч хүнд хязгааргүй их нөөц бололцоо байдаг гэдэгт итгэдэг Роберт Дилтс, ээждээ хэзээ нэгэн цагт тэдний гэр бүл хэрхэн ядуу болоод өлөн зэлмүүхэн, "Нүд айж, гар ажилладаг" гэсэн зарчмаар амьдарч байсныг сануулж хэлээд, ингэхдээ түүнийг ийм байдлаас гарах арга замаа үргэлж олж чаддаг байсан гэж ярьжээ. Патрисия Дилтс ч гэсэн энэ бүхнээ нэг нэгэнгүй эргэн санахдаа, сэтгэл санаа нь сэргэн, урам зориг ч орж, илүү сайхан болов. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй.
Тэдний цаашдын замд эцсийн саад бэрхшээл тулгарсан нь гурав дахь нь бөгөөд хамгийн нарийн хязгаарлагдмал итгэл үнэмшил байлаа. Дилтс үүнийг ямар ч "үнэ цэнэгүй зүйл" гэж нэрлэжээ.
Ээж нь ч гэсэн энэ тухай ярихаасаа удтал татгалзсан ч эцэст нь: Чи эмээгээ санаж байна уу, яагаав, миний ээжийг? - Тийм ээ, би санаж байна.
- Чи түүнийг юунаас болж, яаж нас барсныг нь санаж байна уу?
- Хөхний хорт хавдараар.
-Түүний эгч болох миний нагац эгчийг ямар өвчнөөр өөд болсныг мэдэх үү?
-Улаан хоолойн хорт хавдараар өөд болсон шиг санаж байна.
-Би ээж болоод нагац эгчдээ их хайртай байсан юм. Би тэднээс илүү гарах юмгүй ээ. Хэрэв нэгэнт л тэд ингэж хорт хавдараар өөд болцгоосон юм бол би яагаад заавал эдгэрэх ёстой гэж?
Дилтс гэр бүл, эцэг эх, ахимаг насны хамаатан садандаа үнэнч байх гэдэг нь ерөнхийдөө бол хүний сайхан зан чанар бөгөөд энэ нь эргээд хүний хувь заяаг тун хатуухан байдлаар шоглож ч болох юм гэдгийг олж мэджээ. Ээжийнх нь хувьд бол өөрийнхөө эхийн нас барсан тэр нөхцөл байдлаас эдгэрч гарах гэдэг нь урвасан адил зүйл байлаа. Нэгэнт бидний өвөг дээдэс ингэж л амьдарч ирсэн бөгөөд бид ч гэсэн тэднийгээ хайрладаг юм бол тэдэн шигээ л бас тэгж амьдрах болно. Товчхондоо бол, "хэзээ ч сайхан амьдарч байгаагүй болохоор, ингэж эхлэхийн хэрэг юу байгаа юм бэ". Танил үг юм шиг санагдаж байна уу?
Ийм саад бэрхшээлийг даван туулахад л хамгийн хэцүү нь байсан юм. Гэхдээ Роберт Дилтс үүнийг хэрхэн яаж хийхийгээ олж мэдсэн бөгөөд одоо бид түүний энэ нээлтийн давуу талыг ашиглах боломжтой болсон билээ.
- Та сайн бодоорой гэж тэр ээждээ хэлжээ. Тэгвэл та миний эгч, таны охин чинь гэнэт ингээд хорт хавдараар өвдвөл "Ээж минь энэ өвчнөөр нас барсан болохоор би ч гэсэн бас энэ өвчнөөр ингэж үхэх ёстой, би түүнд маш их хайртай байсан юм" гэж хэлүүлмээр байна уу?
- Чи юунд ийм юм ярина вэ, хүү минь! Патрисия Дилтс уурлав.
-Тэгвэл та түүнд сайн сайхан үлгэр дуурайлыг үзүүлээч дээ. Хэрэв та одоо эдгэрэхээр шийдсэн бол тэр ч гэсэн бас өвчтэй байхдаа: Ээж минь эдгэрч чадсан, би ч гэсэн эдгэрэх болно, би ч бас чадна гэж хэлэх болно шүү дээ.
Энэхүү үнэ цэнэгүй байдлыг даван туулах тийм үүсвэр нь ирээдүйд бий. Үр хүүхдүүд эцэг эхийгээ л дууриаж хуулбарладаг. Бид одоо цаашдынхаа 25 жилд өөрсдөдөө болоод өрөөл бусдад ач тустай, аз жаргалтай амьдрах тэр боломжийг олгох зан үйлийнхээ шинэ загварыг одоо л олж авахгүй юм бол хойч ирээдүйдээ итгэл найдваргүй, арчаагүй сул дорой байдлыг харуулж, үр бүтээлгүй дэмий хоосон амьдралдаа гомдоллож амьдрах болно.Тэгвэл ийм үнэ цэнэгүй биднийг маш ихээр хайрладаг хүүхдүүд маань 50 нас хүрсэн хойноо: Бид ч тэр үеийн 50 насалсан хөгшин эцэг эхээсээ илүү гарах юутай ч билээ дээ гэж хэлцгээх болно шүү дээ.
Роберт Дилтсийн ээжийн хувьд бол тэр мэдээж өөд болсон. Гэхдээ энэ явдлаас хойш олон жилийн дараа огт өөр өвчнөөр шүү.
©️ Орчуулсан Норзонгийн Энхбаяр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ