Г.Занданшатар: "Хаан" банкны асуудлыг шийдэхгүй бол Монголбанкны удирдлагууд ажлаа өгнө шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан хоёр зүйлийг анхааруулж хэлье. Нэн ялангуяа Монголбанкны удирдлагууд болон Сангийн яам, Засгийн газарт. Нэгдүгээрт, сүүлийн үед "Хаан" банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл гарч байна. Монголбанкны удирдлагууд банкны хуулийг чанд мөрдөж, хууль зөрчсөн аливаа үйлдэлд тэр дундаа ашиг сонирхлын зөрчилгүйгээр хуулийн хүрээнд асуудлуудыг шийдэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг эцэслэж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шалгуулж асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших нь хууль бус, хориотой. Ингэж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, өөрсдөө өргөдлөө өгч, ажлаа өгнө шүү. Хоёрдугаарт, Монголбанк бол мөнгө, ханшны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй шүү. Энэ ажлаа хий" гэх байр суурийг илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ