Билл Гейтс “Four seasons hotel&resort” зочид буудлын сүлжээний хяналтын хувийг худалдан авлаа

Саудын Арабын хунтайж Аль Валид Бин Талал 10 тэрбум доллараар үнэлэгдэх "Four Seasons Hotels and Resorts" тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээний эзэмшлийн хувиа хамтран эзэмшигч Билл Гейтст худалдахаар тохиролцон гэрээ байгуулжээ.

Компаниудын тохиролцооны дагуу ноён Гэйтсийн “Каскаде Инвестмент” ХХК нь хунтайж Аль Валидийн “Вант Холдинг” ХХК-ийн эзэмшиж буй 23.75%-ийн хувьцааны төлбөр болох 2.21 тэрбум долларыг тодорхой заасан хугацаанд төлөх юм.

2007 онд "Four Seasons Hotels and Resorts"-г тус хоёр компани эзэмшилдээ авснаас хойш тус компанийн хувьцааг тэнцүү хуваан эзэмшиж ирсэн ба тус гэрээгээр “Каскаде Инвестмент” ХХК зочид буудлын сүлжээний хяналтын хувь буюу 71.25%-ийг эзэмшиж, “Вант Холдинг” ХХК 23.75%-ийг эзэмших юм. 

Мөн “Four Seasons”-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Айсадор Шарп 5%-ийн эзэмших юм байна.

Гүйцэтгэх захирал Жон Дэвисон “Four Seasons” тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээг “Каскаде Инвестмент” ХХК хяналтдаа авснаар шинэ технологид суурилан, амрагч, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг илүү хангаж, залуу аялагчдын сонирхлыг татна гэж найдаж байна. Мөн бид өв уламжлалаа хадгалан үлдэхийн зэрэгцээ шинэ үеийнхний тансаг хэрэглээнд зориулж хөгжүүлэлт шинэчлэлт хийхийг хүсч байна" гэдгээ нэмж хэлжээ.

“Kingdom Hotel Investments” компанийн Гүйцэтгэх захирал Сармад Зок “Four Seasons” зочид буудлын хувьцааг авахаар Хятадын даатгалын компаниас эхлээд Европын тансаг зэрэглэлийн ҮХХ-н компаниудаас олон санал ирж байсан. Гэхдээ бид илүү зөв хөрөнгө оруулагчийг хүлээж байсан бөгөөд 10 тэрбум долларын үнэлгээг "шидэт тоо" гэж үзэж байна” хэмээн хэлжээ.

Түншүүд анх 2007 онд "Four Seasons"-ыг 3.8 тэрбум доллараар үнэлэн гэрээ байгуулж байсан ба дараа нь 2008 оны санхүүгийн хямрал бүх л салбарын бизнесийг хамарсан үе буюу 2008-2012 оны хооронд жил бүр үнэлгээ нь унасаар байсан юм. 

Гэсэн хэдий ч тус сүлжээ сүүлийн жилүүдэд өргөжин тэлж одоогоор 121 зочид буудал, амралтын газар, 46 орон сууцтай болоод байгаа ба 50 гаруй төслийг шинээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Энэ тоо нь 2007 онд 74 зочид буудал, амралтын газар, 19 орон сууцтай байсантай харьцуулахад маш сайн үзүүлэлт юм. Цар тахал ихэнх зочид буудлууд болон үйлчилгээний салбарт илүү хүндээр тусч Дельтагийн шинэ хувилбар эрчимтэй тархан борлуулалтыг ихээр бууруулсан. Гэхдээ тус сүлжээ тансаг зэрэглэлийн сегментэд илүү төвлөрч ажиллан нийт аялагч амрагчдийн тооны бууралтыг чинээлэг аялагч, амрагчдаар нөхсөнтэй холбоотой юм. Энэ нь чинээлэг давхаргад цар тахлаас хамаарсан орлогын бууралт амралт зугаалгаа танах хасах хэмжээнд нөлөөлөөгүй гэдгийг мөн харуулна. 

Бүх л үйлчилгээний салбарын нэгэн адил “Four Seasons” сүлжээ ч  ажиллах хүчний хомсдолд ороод байгаа ба зочид буудлын нэг салбарын ерөнхий менежер нь зочдод кофе чанаж, нөгөө зочид буудлын санхүүгийн захирал өрөө цэвэрлэхэд тусалж байна. Зарим тохиолдолд бид ажиллах хүчний нөөц бололцоотойгоо уялдуулан амрагчдийн тоог хязгаарлаж байна гэж тэр хэлсэн юм. 

Эх сурвалж: The Wall street journal 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ