“ЭТТ” ХК хоёр их наяд төгрөгийн бонд гаргасан ч 1.5 их наядыг татан төвлөрүүлэв
“Эрдэнэс-Таван толгой” ХК уурхайгаас Гашуун Сухайт хүртэлх төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Эдгээр төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Тус компани манай улсын санхүүгийн зах зээлийн түүхэн хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гарган, дээрх гурван төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм.
ЭТТ-н удирдлагууд эхний шатны бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид гуравдугаар сарын эхээр хүргүүлсэн. Үүнээс хойш гурван удаа нийт 1.5 их наяд төгрөгийн бондыг хөрөнгийн зах зээлээс амжилттай босгов.
ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:
Нийт үнийн дүн: 2 их наяд төгрөг хүртэл /Нийт 3 багц санал болгоно, төгрөг, ам.доллар хосолсон.
Эхний багц-600 тэрбум төгрөг
Бондын төрөл: ам.доллар, төгрөг
Нэгжийн нэрлэсэн үнэ: USD 100, 100,000 төгрөг
Жилийн хүү: 6.8% (ам.доллар) 10% (төгрөг)
Эхний багцийн үнийн дүн: 133.3 сая ам.доллар, 420 тэрбум төгрөг
Хүү төлөх хугацаа: Хагас жил тутам
Бондын хугацаа: 24-36 сар
Бондын онцлог: Орлогын албан татварын хэмжээ хувь хүн-5%, ААН-10% байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй бонд. МХБ-ийн хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой тул хөрвөх чадвар сайн.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ЭТТ бондын танилцуулгыг идэвхтэй явуулснаар эхний багцад иргэд 94 тэрбум, ААН-үүд 252 тэрбум нийт 347 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.
Эхний багцыг хөрөнгө оруулагчдад гуравдугаар сард санал болгосон бол хоёр дахь багцыг наймдугаар сард гаргасан юм. Тус компани бондын II шатыг олон улсад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцох боломжтойгоор нийтэд санал болгосон. II шатны нэгтгэсэн дүнгээр 519 тэрбум төгрөг, 53 сая ам.долларын захиалгыг хийж анхны төлөвлөсөн хэмжээг 117 хувиар давуулан биелүүлжээ. Санхүүжилтийн эх үүсвэр бүрээр дэлгэрүүбэл,
- Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ.
- Банкуудаас авсан санхүүжилтийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга,
- Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга хийгдлээ.
“ЭТТ БОНД”-ЫН III БАГЦААР 142 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гаргасан "ЭТТ Бонд" өрийн хэрэгслийн гуравдугаар транчийн 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ ширхэг, нийт 142,500,000,000 /нэг зуун дөчин хоёр тэрбум таван зуун сая/ хүртэлх төгрөгийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 11-ний 9:00-15:00 цагийн хооронд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Анхдагч зах зээлийн арилжаанд таван хөрөнгө оруулагчийн нийт 142,404,600,000 /нэг зуун дөчин хоёр тэрбум дөрвөн зуун дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий 1,424,046 ширхэг бондыг худалдан авах захиалга ирсэн байна.
Ингээд нийт 1.4 их наяд төгрөг, 53 сая ам.доллар буюу 151 тэрбум төгрөгийн хөрөнгийг гурван жилийн хугацаатай татан төвлөрүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ