Г.Занданшатар: Шинэ Монголын шинэ ирээдүйн төлөө төр засагтайгаа хамтран зүтгэхийг уриалъя

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэдэд, нийт ард түмэнд түүхэн ойн баярын мэндийг УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

20, 21 дүгээр зууны шинэ Монгол Улсын бахархам ололтын нэг бол орчин цагийн боловсрол, гэгээрлийн салбар үүсч хөгжиж, монголчууд дэлхий дахинтай хэм тэгш харилцах болсон түүхэн үйл явдал юм. Өнгөрсөн зуунд монгол түмэн шинэ цагийн боловсрол эзэмшиж, соёлжиж гэгээрсэн. 20 дугаар зууны эхэнд манай хүн амын дөнгөж нэг хувь нь уншиж, бичдэг байсан гэсэн судалгаа түүхийн эх сурвалжид бий. Монголчууд эрдэм боловсролыг дээдэлдэг, өөрийн гэсэн түүх соёлтой цэцэд мэргэдтэй байсан ч сурах сургууль, орчин цагийн боловсролын соёлын нэгдсэн тогтолцоо тэр цагт байгаагүй. Гэсэн ч Монгол Улс 1970 он гэхэд бүх хүн бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гийн батламжийг гардан авсан түүхтэй.

Одоогийн байдлаар 1500 гаруй цэцэрлэгт 232 000 багачууд хүмүүжиж, 850 гаруй ЕБС-д 720 мянган хүүхэд суралцаж, 88 их дээд сургууль, коллежид 150 мянган оюутан залуус эрдэм номд шамдаж байна. Сургалтын энэ байгууллагуудад 70 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажилладаг.   




Өдгөө бид шинэ зууны технологийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн сургалтын аргазүйг Монголынхоо онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, дижитал боловсрол эзэмших эрин үед амьдарч байна. 100 жилийн ойн хүрээнд боловсролын багц хуулиудыг шинэчлэн найруулж, боловсролын тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, багш сурган хүмүүжүүлэгч нарын саналыг авахыг зорьж байна.

Монголын ард түмэн багш, шавийн ёсыг эрхэмлэдэг уламжлалтай. Уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, монгол хүн бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, баялаг бүтээгч ёсзүйг эрхэмлэдэг, сэтгэлийн боловсролтой, үндэсний хэл соёлоо дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх нь та бидний хамтын зорилго байх болно. Тиймээс багш сурган хүмүүжүүлэгч, ард иргэддээ хандан эрдэм оюу, хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, бүтээлч хандлагаа нэгтгэн, шинэ Монголын шинэ ирээдүйн төлөө төр засагтай, УИХ-тай хамтран зүтгэхийг уриалъя. Монгол эх оронд минь эрдэм ухааны үр шим өнө мөнхөд дэлгэрэх болтугай" хэмээн боловсролын салбарынханд баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсье" гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ