Б.Баасандорж: Орцонд тавьсан камерын бичлэгийг айлуудын зөвшөөрөлгүйгээр тараахыг хориглоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Н.АЛТАНХУЯГ: -Хүний хувийн мэдээлэл хамгаалах тал дээр дэвшил гарч байгаа гэж бодож байна. Гэхдээ УИХ дээр сайн ярих ёстой. Тус хуулийн 27 дугаар бүлэг нийгэмд бий болсон шантаажийг зохицуулах юм байна. Орон сууцны орох, гарах хэсэг, дундын эзэмшлийн талбайд шаардлагатай бол дүрсний бичлэг байрлуулж болно. Хувцас солих, ариун цэврийн өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний болон караоке, зочид буудлын өрөөнд дуу дүрсний бичлэг хийхийг хориглож байгаа юм байна. Үүнийг иргэдэд сайн ойлгуулах нь чухал байна. Хувь хүний нууцад халдаад байгаа этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна. Ямар тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ямар үед Зөрчлийн хуулиар торгох вэ гэдгийг тодруулмаар байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудалд хууль чанга болох ёстой.
Б.БААСАНДОРЖ (Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга): -Зөвшөөрсөн, хориглосон заалтыг тухайн орц, ресторанд зөв хэрэглэж байна уу гэдгийг шалгах нь хуулийн чухал заалт. Хоолны газрын тусгай өрөөнд дуу, дүрсний аль ч бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй. Зөвхөн дүрсний бичлэг байх ёстой. Орц, гарцны хувьд давхартаа хоёр юм уу, гурван айл амьдарч байхад камерын бичлэгийг бусдад түгээж байна уу үгүй юу гэдэг нь гол асуудал. Камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгнө. Зөрчил, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орж байгаа. Хүний эмзэг болон хувийн нууцад хамаарсан мэдээллийг задруулж, түгээн дамжуулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Үүнээс бусад хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан бол тухайн хүн зөрчлийн хариуцлага хүлээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ