М.Нарантуяа: Намайг Д.Болдыг захиалгаар харлуулсан гэх баримт дэлгэх юм гэсэн, маш сонирхолтой байна
Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Me too” хөдөлгөөнийг санаачлагч, дуучин М.Нарантуяа-Наратай ярилцлаа.
-“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын талаарх таны жиргээ олны анхаарлыг ихэд татсан. Одоо ч сошиал орчинд сэдэв хэвээр байгаа. Энэ талаар ярихаас өмнө таны биеийн байдлыг асуух нь зөв байх. Эмнэлэгт хэвтсэн, бүр нас барсан гэсэн мэдээлэл гарч, хүмүүс эмгэнэсэн тухай та дурдсан байсан. Ийм явдлыг “Мөнхрөх нь” гэж монголчууд бэлгэддэг...?
-Биеэ хайхралгүй ажил амьдрал, нийгмийн асуудал гэж ухаан жолоогүй зүтгэж, даарч хөрдөг, хөдөө гадаа давхидаг учраас бөөр өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм. Гэтэл ходоод, цөсний ноцтой асуудал үүсч байгааг мэдэж авлаа. Намайг нас барсан гэнэ гэсэн мэдээлэл гарч, түүнд зарим нь итгэсэн байсан. Намайг эмнэлэгт хэвтэхтэй давхцаад эмээ маань бурхан болсон юм. Түүнийг шар сайтууд худлаа гарчиг тавьж, хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор бичсэн юм билээ. Би бол тиймэрхүү зүйлд эмзэглэдэггүй.
Эмнэлэгт хэвтээд эм тариагаар бөмбөгдүүлээд овоо гайгүй болж ирсэн. Сошиалд ч орохтойгоо болсон. Гэтэл Камертоныхон тоглолт хийсэн байсан. Түүнд маш олон хүн эгдүүцлээ илэрхийлж “Камертон өлсөж үхэх гэж байгаа биш…” гээд л сэтгэгдлүүд зөндөө байсан. Тухайн үед би ч харчихаад бодож байсан. Нээрээ л үнэн ш дээ. “Камертон” хэдэн жил Монголын урлагт оршин тогтнож байгаа билээ. Нэг тоглолт хийхэд л хэдэн мянган хүн очдог. Бараг жил бүр, улирал бүр тоглолтууд хийж байдаг хамтлаг. Зарим уран бүтээлчдийг бодвол боломжийн хувьд шал өөр хүмүүс. Би тэгж л хардаг. Дандаа л Монголын тэрбумтнуудтай найзууд, хамтрагчид болж, эсвэл дүр төрх, нүүр царай нь болоод явж ирсэн хүмүүс. Тэр хэрээр орлого тасалдаад байдаггүй л байлтай. Тэдний дэргэд бор зүрхээрээ явдаг уран бүтээлчид олон бий. Тоглолт хийхгүй байсаар орлого нь тасарчихсан удаж байгаа нь ч олон байгаа. Гэхдээ тэд нар маань хуулиа мөрдөөд, цаг үе нь хүнд байгаа учраас ашиг орлого гэхээс илүү хүн олноо бодож дүрэм журмаа хичээж л байдаг байх.
Тиймээс би твиттер дээр “90-ээд оноос хойш үе үеийн баячуудыг бөлдөгдөж амьдардаг хамтлаг. Мянгаа ахынхаа буудлын өрөөнд бүтнээр минь тэврээд оруулж өгч байсан даа, Болд ах. Өнөөх Мянгаа нь харин мангас биш байсан шүү” гээд бичээд оруулчихсан. Гэтэл тэр даруй пост маань сайтуудын мэдээ болоод тарж эхэлсэн.
-Нийгмийн бүхэл бүтэн нэг үеийнхэн шүтэж ирсэн хамтлаг. Монголын залуус хүндэтгэлтэй ханддаг. “Камертон” ч хэл ам багатай явж ирсэн учраас олон нийт сэртхийсэн нь тэр байх?
-Ганц өгүүлбэр бүхий текст маань мэдээ болоод цацагдчихсан учраас би “Ам нээвэл уушги нээе” гээд тэр үед болсон явдлыг бүтнээр л бичсэн юм.
Би 2006 онд Японоос Монголд амралтаараа ирэхдээ л хүүхдийн төлөө сайн үйлсийн анхны аянаа эхлүүлсэн хүн. Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр дуу хоолойгоо өргөөд 10 дахь жилтэйгээ золгож байна. 2012 онд “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийг клуб”-т гишүүнээр элсэж байлаа. Би үнэхээр эмэгтэйчүүдийн төлөө зүтгэлтэй юм бол өөртөө тохиолдсон юмыг ч ярих хэрэгтэй гэж үзсэн. Яах гэж би “Me too”-г тэргүүлж яваа билээ. Дэлхийн улс орнуудад “Би ч гэсэн…” гээд нэг хүн гарч ирэхээр бусад нь зориг ордог. Араас нь түрсээр тэр давлагаа нэмэгдэж томорсоор маш олон хохирогчид гарч ирж тэр асуудлыг бүрэн цэгцэлдэг. Гэтэл манай улс тийм биш юм байна. Тэгэх ч болоогүй юм байна.
Ялангуяа Болдын кейс дээр монгол эмэгтэйчүүд хөгшин, залуу гэлтгүй ямар мунхаг, харанхуй юм бэ. Яасан ирээдүйгээ боддоггүй юм бэ. Би бол тэр явдлаас хохироогүй. Харин ирээдүйд яг ийм байдал үргэлжилсээр байх юм бол өөр хэн нэгний охин хохирогч болж болохыг хэн ч мэдэхгүй. Үүнийг ойлгохгүй байгаад маш их харамссан. Учир нь манайхан асуудалд биш асуудлыг хөндөж байгаа хүн рүү анхаардаг.
-Олон нийт янз бүрийн сэтгэгдэл илэрхийлж байсан…
-Бүр настайвтар эмэгтэй “Болд бол Нара гэж нэг юмныг бодвол урлагтаа хийх юмаа хийсэн хүн. Хийх юмаа хийсэн хүн юугаа зарна, юугаа идэх нь хэнд хамаатай юм бэ” гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, Монголын урлагт од болж чадсан хүн хүний наймаа хийж болох нь, хүн алж болох нь, түүнийг нь зөвшөөрч байгаа юм байна.
Гэтэл Америк болон бусад оронд ямар ч урлагийн од байсан хамаагүй, ямар ч Конгрессийн гишүүн хамаагүй. Тэр хүний хэрэг хуучирсан байна уу, 10 жил, 20 жил өнгөрсөн эсэх ч хамаагүй, хэрэг үйлдсэн л бол, “Тэгсэн” гэж хэлэх хүн байгаа л бол тэр хүнд зохих ял шийтгэлийг оногдуулдаг. Гэтэл манай Монголд тэгдэггүй. Бид хэрэглээний хувьд гадаадын тэр орноос дутахааргүй. Ижил хэрэглээтэй байгаа боловч монголчууд оюун санааны хувьд ардчилсан орнуудаас 100 жилийн хойно явж байгааг ойлгосон. Сая үнэнийг хэлэхэд би маш их гутарсан. Нийгэм, улс төр гэж явахаа больё. Учир нь ойгүй тэнэг хүмүүс хэтэрхий олон байна. Уг нь сүүлийн үед нийгмийн асуудлыг ихээр хөндөж, ярьсаар байгаад намайг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, зарим нь бүр дэмждэг, зөв ш дээ гээд босч ирдэг хүмүүс олон болж байгаа. Гэхдээ хэтэрхий их цаг хугацаа зарцуулах юм байна.
-Татгалзахгүй бол тэр явдал хэзээ, хаана болсон юм бэ. Дэлгэрүүлж болох уу?
-2007 онд Японд сургуулиа дөнгөж төгсөөд байсан үе. Тэр жил Кёкүшюзан зодог тайлж, үсний найр хийсэн юм. Менежер нь надтай “Та Японд амьдардаг уран бүтээлчийн хувьд ирж ая дуугаа өргөөч” гэж урьснаар очиж байлаа. Манай урлагийнхан олноор ирчихсэн, тэр дунд Камертоныхон ч байсан. Би чинь тэр үед 20 гаруйхан настай жаахан охин, хар буруу санаагүй. Хүний газар монголчууд маань олноор цуглачихсан, тэр дунд урлагийнхан маань байгаа болохоор баярлаад л, сэтгэл хөдлөөд л сүйд. Гэтэл Болд намайг Мянганбаярын өрөө рүү чирсэн. Би “Тийм зүйл байхгүй. Битгий заваараад бай, тийм юм байхгүй шүү” гээд хойшоо суусан. Тэгэхэд хүчээр тэврээд оруулж байсан. Процесс нь бол ийм.
Хамгийн инээдтэй нь би дотроо айгаад үхчих гэж байсан хүн өрөөнд нь орчихоод айж байгаагаа мэдэгдүүлэхгүйг хичээж “...Юу болоод байна, яах гээд байна, та нар” гээд л. Учир нь тэр үед Мянганбаяр гэдэг хүн шууд хүчинддэг гэнэ лээ, яана аа гээд л айж үхчих шахсан хүн байлаа шүү дээ. Тэгсэн Мянганбаяр нь шал эсрэгээрээ, бараг над руу харж чадахгүй, харц нь доош “Өө юу байх вэ. Хичээл ном нь сайн уу. Ийшээ суугаач” гэхээр нь би “Наана чинь суухгүй ээ, ийшээ сууна аа” гээл хол очиж суух гээд тиймэрхүү яриа болж байтал хэн нэгэн хаалга тогшиж таарсан. Би ч баярласан гэж жигтэйхэн. Тэгээд тухайн үед Загварын холбооны ямар ч албан тушаалтай байлаа даа, Байгальмаа гээд эгч ороод ирсэн. Тэдний агентлагийнхан 10 загвар өмсөгчтэй ирсэн байсан.
-Д.Болд гараад явчихсан хэрэг үү?
-Оруулж өгөөд л нүд ирмэхийн зуургүй алга болчихсон. Ямар зорилгоор оруулж өгч байгаа нь ойлгомжтой. Би тэр үед хохироогүй. Гэхдээ надад бол сайхан дурсамж үлдээгүй. Сайхан дурсамж байсан бол би яах гэж энэ олон жилийн дараа ярих юм.
Харин юуг хэлэхийг хүссэн бэ гэхээр “Камертон”, ялангуяа Болд өөрийнхөө зүс царай, алдар нэр, урлагийн карьераа ашиглаад маш олон охид эмэгтэйчүүдийг ямар нэгэн байдлаар янаг амраг байдаг уу, зугаа цэнгэл байдаг уу ашигладаг байсан бол. Нүдээр харсан ганц нэг тохиолдол байгаа ч түүнээс илүү Болдын тухай охидыг зуучлан элдэв байдалд оруулдаг байсан тухай ярьж хэлж, хов жив болгож байдаг нь түүнээс ч олон. Гэтэл эсрэгээрээ Мянганбаяр гэхээр монголчууд тэр чигээрээ шалиг, шар сэмжилсэн, хүүхэмсэг өвгөн байдаг юм шиг боддог. Харин Болд болон нэг л гэмгүй, алдар нэртэй цэвэр яваад байдаг. Гэтэл тэр хүмүүсийг ивээн тэтгэж амьдралыг нь босгож байсан хүмүүс хамгийн муу нэртэй. Жишээ нь, Болдтой тэр хүн нэгдээгүй, ивээн тэтгэдэггүй, Болд тэд нарт хүүхнүүд зуучилдаггүй байсан бол магадгүй тэр хүний нэр цэвэр байх ч байсан юм бил үү.
Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. “Залуу насанд алдаа байх” гэж хэлээд байгаа юм. Залуу насанд ямар алдаа байж болдог вэ гэхээр гэнэн томоогүй бүтэлгүй дурлал, эсвэл хүнээ буруу таньсан, эсвэл тухайн үеийн шоунаас болоод нэг удаагийн one night хийсэн байж болно. Харин эмэгтэйчүүдийг өөртөө татаж, магадгүй зугаа цэнгэл хийснийхээ дараа хүмүүст зуучлан танилцуулна гэдэг бол ерөөсөө залуу насны алдаа биш. Энэ бол хүн зуучлал, хүний наймаа. Бас зарим нь “Өөрсдөө дуртай юм шиг тэнд юугаа хийж явсан юм. Биеэ олигтой авч явах нь яасан юм” гэцгээж байна. Гэтэл яг үнэндээ хүн хэзээ ч аюултай гэж бодсон хүмүүстэйгээ уулзаж учирч, аюултай гэсэн газар руу очдоггүй. Тэр тусмаа над шиг эмэгтэй бол. Би хичнээн тухайн үедээ жаахан байсан ч тэр нийгэмд багагүй хугацаанд амьдраад юу аюултай, юу аюулгүйг мэддэг болсон насан дээрээ байсан хүн.
-Урлагийн хүмүүс хойно дахиж таарч уулзах үе бишгүй гарсан байх. Д.Болд юу гэх юм. Сая дэлгэсэн мэдээлэл дээр реакци үзүүлэв үү, танд?
-Надад Болдоос ямар ч реакци ирээгүй. Юу гэх юм, угаасаа. Надад юу ч гэсэн хамаагүй. Харин Мянганбаярын туслах хийдэг байсан ч гэнэ үү, Болдын найз бололтой нэг нөхөр надтай уйгайгүй үзэлцэж байгаа. Яг энэ асуудлыг шүүмжилж байгаа эмэгтэйчүүдийг Солонгосоос маш их доромжилдог юм билээ. Дээр нь тэр хүн намайг удахгүй “Захиалгаар Болдыг харлуулсан” гэдэг баримтыг дэлгэх юм гэсэн. Надад онц сонирхолтой санагдаж байгаа. Бүр өндөр хүлээлттэй байгаа. /инээв/.
-Шүгэл үлээгчдийг “захиалгат” гэж харлуулах явдал манайд хавтгайрсан. Таныг ч бас захиалгаар ингээд байна уу гэх хардах хэсэг байгаа бололтой?
-Ер нь тийм тэнэг байж болохгүй. Өнөөдөр Болд улстөрч биш. Би ч улстөрч болчихоогүй байна. Би Болдыг хэн нэгний захиалгаар харлуулж яах юм. Хэнд ашигтай юм. Надад тв-ийн шоу хөтлөх, шүүх ямар ч сонирхол, амбиц байхгүй. Би өмнөх ажлаа дийлэхгүй явдаг шахуу хүн. Яахав, би нэвтрүүлэгт чинь оръё гээд явбал орж чадна. Гэхдээ би тийм хүн биш.
Би нэг зүйл бардам хэлнэ. Би улс төргүйгээр үхэхгүй. Хэзээ ч миний амьдралын зорилго байгаагүй. Улс төрд орох гэж хамаг амьдралаа тавьж, хэдэн тэрбумаар зээл аваагүй. Харин улс төргүйгээр амьдарч чадахгүй болчихсон хүмүүс л өрөвдөлтэй байх. Би зөгийгөө маллаад ч хамаагүй, хаана ч би байгаа газраа сайхан амьдарч чадчих хүн. Яагаад би тийм хүмүүст атаархах ёстой юм, шоу хөтөлж байгаа эрэгтэй хүн, нарийхан бэлхүүснээс өөр гайхуулах зүйлгүй эмэгтэйчүүдэд атаархах ёстой гэж.
-Гадны оронд бол ноцтой алдаа гаргасан уран бүтээлчид хариуцлага тооцдог. Дэмжигчид нь ч өөрсдөө тухайн салбараас нь арччихдаг хатуу зарчимтай байдаг…
-Манай урлагийнхны дэмжигчдийг хар л даа. “Чамайг бодвол юмаа хийсэн хүн” гэж хэлж байна шүү дээ.
-Хэдхэн сарын өмнө “Никитон” хамлагийн ахлагч Б.Батчулуун эмэгтэй хүнийг машид доромжилсон бичлэг ил болсон. Ийм явдал ганц дуучин Д.Болдын асуудал биш бололтой?
-Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл доромжлолын асуудлыг инээд ханиад болгоод л явж байдаг нь үнэндээ нийтээрээ шахуу тийм л байдаг гэлтэй. Түүнчлэн охид эмэгтэйчүүдийг зуучилдаг асуудал бол ганцхан Болдын асуудал биш. Үүнд загварын агентлагууд ч хамааралтай байж болзошгүй байгаа. Надад баримт нь ч байна. Хэдэн төгрөг шилжүүлээд ямар загварын агентлагаас хэн гэдэг УИХ-ын гишүүн, ямар хүүхэн захиалав гэх зэрэг бүх баримт нь байна. Ярья гэхээр их зовлонтой. Эвлүүлэг гээд л янз бүрээр баллуурдах гээд эхэлнэ. Олны танил хүмүүсийн хүчирхийллийн талаар маш олон хүн үнэнийг хэлж байна. Гэхдээ хэн нь ч ил гаргаж чадахгүй байна. Ил гаргаад ирэхээр асуудлыг шийдэгдтэл тууштай хамгаалж явж чадахгүй байна. Эмэгтэйчүүдийн асуудал манайд маш хүнд нөхцөл байдалтай байна. Түүнд анхаарч ажиллах ёстой хүмүүс ч тэр. Жишээ нь, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга нь юу хийж байна вэ. Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн эсрэг маш олон төрлийн хүчирхийллэл байна. Уг нь үүнийг хуулиар зохицуулах ёстой. Хуулийг энэ олон эрх нь зөрчсөн эмэгтэйчүүдийн амьдрал дээрээс тусгаж аваад маш хурдан өргөн барих ёстой зүйл дээр юу ч хийхгүй байна. Хэдэн гишүүдэд бүжин туулай өгсөн ч байх шиг. Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн эмэгтэй боловсормоор байна. Үгүй юм гэхэд нийгмийн асуудлыг маш сайн мэдэрдэг болмоор байна. Эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалыг мэдэрч тэрний төлөө чин сэтгэлээсээ явдаг болмоор байна. Тэгж чадахгүй бол энэ ажлаа дараагийн хийж чадах хүнд нь өг. Энэ уг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ. Яагаад тэнд МАН-ын гишүүн эмэгтэй байх ёстой юм бэ. Яагаад эмэгтэйчүүдийн асуудал бэрхшээл, зовлон зүдгүүр хэн нэгний УИХ-ын гишүүн болох шат дамжлага, гишгүүр болсон сэдэв байх ёстой гэж.
-Загварын агентлагуудын охидыг УИХ-ын гишүүн зуучилдаг гэлээ. Тэнд хэдэн төгрөг яригддаг юм бэ?
-30 сая төгрөг.
-Нэг хүн дээр үү?
-Нэг л хүн юм шиг байгаа юм. Багш буюу агентлагийн захирлын данс руу тэр мөнг нь шилждэг гэж байгаа. Тэндээс нь хэдэн хувь нь тэр хүүхдэд очих вэ. Загварын агентлагийнхан охидоо ингэж л энэ ертөнцөд явдаг юм гэдгийг ойлгуулсан бол түүнийг ойлгуулсан шавь дараагийн шавьд түүнийг л заана. Монголын ирээдүй болж өсч торних гоё охидод ийм заваан замналаар сураад ирчихсэн хүмүүс түүнийгээ л заана.
-Уг нь энэ парламентад олон эмэгтэй гишүүд байгаа. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг сууриар нь өөрчлөх хүмүүс бол тэд биз?
-Эмэгтэй гишүүдийн тухай яримааргүй байна. Энд тэнд хачин ганган хүүхнүүд явж л байдаг юм. Гэхдээ хүмүүс нэг юмыг мэдэх хэрэгтэй. Юм үзсэн хүн, хор нь гарсан хүн гэж байдаг шүү дээ. Идэж уух, өмсөж зүүх, бусад гайхуулах юмнаас хор гарчихсан хүнийг улс төрд сонгож байхгүй бол хэцүү юм байна. Хор нь гараагүй хүмүүс LV-гийн юм зүүж үзээгүй, найзаасаа зээлсэн гэж солиороод УИХ-ын танхимд боов идээд л явж байна. Б.Жаргалмааг хар. Тогос шиг гоёчихсон, хөхөө шиг донгодчихсон энд тэнд явж байна. П.Анужин, Б.Баярсайхан нар ч тэр. Нарийн бэлхүүсээрээ, дээлний өнгөөрөө, загвараараа уралддаг хүмүүс болчихлоо. Өнөөдөр УИХ-ын гишүүнд өгөх үнэлгээ нь тэр хүн гоё сайхан харагдах явдал юм уу, эсвэл нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээсэн ажил, санаачилсан дорвитой хууль, хэрэгжсэн байдал юм уу. Хайран цаг хугацаа. Дөрвөн жил гэдэг нийгмийн шинэчлэлийн асар том суурийг тавиад хэрэгжүүлж эхлэх, үр дүнгий үзэх хугацаа.
-Одоо тэгвэл яах ёстой юм бэ. Нийгмийг гэгээрүүлэх, энэ олон хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн асуудлыг цэгцлэх ямар санал танд байна?
-Гадны улс гүрнүүд одоогийн зөв сайхан хамгаалагдсан, эрх нь баталгаажсан, аюулгүй, хохирсон тохиолдолд хохирол нь шийдэгдэж чаддаг нийгэм яаж үүссэн бэ гэхээр өнөөгийн бид шиг хэн нэгэн хохирогч, эсвэл үнэхээр ийм шударга бусыг эсэргүүцэгч, хүчирхийллийг үзэн ядагч нэгэн гарч ирээд “Энэ чинь болохгүй байна” гэхэд араас нь эмэгтэйчүүд нэмж гарч ирээд дэмжээд “Бид нар ингэх хэрэгтэй” гээд, ар, араасаа нэмэгдэж урт цаг хугацааны туршид уйгагүй тэмцэж байж сайн сайхан нийгмийг бүтээж чадсан байдаг. Тэр хугацаа 50, 100 жилийн дараа. Гэхдээ одоо байгаа дуу хоолойн дээрээсээ нурахгүй, өргөсөөр явах бол чадна. Харин эсрэгээрээ урд нь байгаа хүмүүсээ эр эмгүй, хөгшин залуугүй доромжлоод унагаад явах юм бол бүтэхгүй ээ, чадахгүй, сэхэхгүй. Би ч одоо бүр үнэндээ залхаж байна. Яах юм, тэнэг хүмүүсийн төлөө залуу насаа барж, сайхан цаг зав энергиэ зарцуулж. Тэртэй тэргүй эд нар сэхэхгүй, ухаарахгүй юм байна. Зөвхөн амин хувиа хичээдэг юм байна. Больё гэдэг болчихсон. Ингээд захаасаа шантраад эхэлбэл 50, 100 жилийн дараа ч бид сайхан нийгэм бүтээж чадахгүй. Бидний үр садын үр хойч маань дахиад л ийм нийгэмд хохиролгч болоод доромжлуулан амьдарсаар л байна.
Өөрөөр хэлбэл, энэ муухайг нийгэм улам гаарсаар илүү муу нийгмийг бид хойч үедээ өвлүүлж үлдээх болно.
Хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй байна. Хүүхдүүдийнхээ ирээдүй хойчийг бодож байна гээд хадгаламж хийдэг. Амьдралд нь, эрүүл мэндэд нь, өмсөж зүүхэд нь хөрөнгө оруулдаг мөртлөө ямар нийгэмд амьдруулах вэ гэдэгт нь хэзээ ч хөрөнгө оруулдаггүй. Хөрөнгө оруулалт гэдэг хэзээ ч мөнгөн дүнгээр хэмжигддэггүй.
Б.ЭНХЗАЯА
эх сурвалж: dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ