Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэл гаргав
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулах ОУХБХ-ны саналыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. "ОУХБХ-ноос санал болгож буй өөрчлөлтөд ямар ч шалтгаан, давуу тал, үндэслэл байхгүй. Энэхүү төсөл нь дэлхийн хөлбөмбөгийн бараг зуун жилийн уламжлалаас татгалзаж, манай гарагийн хамгийн чухал спортын үйл явдлын нэг түүхийг үл тоомсорлов. Тиймээс КОНМЕБОЛ-ын гишүүн арван орон хоёр жил тутам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болбол хойшид оролцохгүйгээ мэдэгдэж байна. КОНМЕБОЛ одоогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цаг хугацаа, шалгуурын системээр нь дэмжиж байгаа. Учир нь энэ нь спортын өндөр амжилт, үр өгөөжтэй хичээл зүтгэл, авъяас чадвар, төлөвлөсөн ажилд суурилсан амжилттай загвар болох нь батлагдсан" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
КОНМЕБОЛ-д Аргентин, Бразил, Боливи, Венесуэл, Колумби, Парагвай, Перу, Уругвай, Чили, Эквадорын шигшээ баг багтдаг юм. Бразил 1958, 1962, 1970, 1994, 2002, Уругвай 1930, 1950, Аргентин 1978, 1986 онд дэлхийн аварга болсон билээ.
Өмнө нь ОУХБХ 2026 оноос эхлэн хоёр жил тутамд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа гишүүн орнууддаа мэдэгдэж байв. 1930 оноос зохиогдож ирсэн энэ тэмцээн дэлхийн хоёрдугаар дайны улмаас 1942, 1946 онд зохиогдоогүйг эс тооцвол дөрвөн жил тутамд болдог билээ. 22 дахь удаагийн тэмцээн 2022 оны өвөл Катарт, 23 дахь удаагийнх 2026 оны зун Канад, Мексик, АНУ-д болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ