100-гаас дээш сая төгрөгийн өртөгтэй хөл бөмбөгийн хоёр талбай ашиглалтад орлоо
Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд дундаас хоёр нь энэ жил хөл бөмбөгийн шинэ талбайтай болсон. Уг хоёр талбай тус бүр 100-аас дээш сая төгрөгийн өртгөөр баригдсан бөгөөд санхүүжилтийг 2021 оны улсын төсөвт суулгасан байжээ. Чингэлтэй дүүргийн 24-р сургууль анх 2011 онд хөл бөмбөгийн талбайтай болсон. Талбайг 2015 онд засварлаж байснаас хойш ийнхүү 6 жилийн дараа шинэчиллээ. Талбайн шинэчлэлийн ажлыг нэг сарын хугацаанд хийсэн бөгөөд өнгөрсөн лхагва гараг буюу аравдугаар сарын 13-нд нээсэн. Монголын хөл бөмбөгийн холбоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 24-р сургуулийн талбайг сэргээн засварлахаар болсон бөгөөд нийт 295 сая төгрөг зарцуулсны тал нь улсын төсвөөс гарсан байна. Талбайн хучилт, хашаа, гэрэлтүүлгийг хийхэд улсын төсвөөс 93 сая төгрөг зарцуулсан бол зүлэг хаалгыг 180 орчим сая төгрөгөөр авчээ.
Хиймэл зүлэг, хаалгыг Монголын хөл бөмбөгийн холбоо нийлүүлсэн ба олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай анхны сургууль боллоо гэж албаныхан онцолсон юм. Шөнийн дөрвөн гэрэлтүүлэг, 3 метр өндөр хашаа, хойд талдаа үзэгчийн суудалтай талбай нь 55х35 метр харьцаатай. Сургууль хөл бөмбөгийн талбайтай болоод арван жил болж байгаа тул эргэн тойрны айлууд цонхондоо хамгаалалт хийжээ. 24-р сургууль ч өөрсдийн цонхондоо хамгаалалт хийхээр төлөвлөж байгаа гэж захирал нь ярьсан юм.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 97-Р СУРГУУЛЬ Баянзүрх дүүргийн 97-р сургуульд гурван төрлийн спортын цогц талбай байгуулжээ. Мөн л төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн талбайн гүйцэтгэгчээр "Тэнгисийн шүр" ХХК ажилласан байна. 48х28 метр харьцаатай хөл бөмбөгийн талбайн урд талд волейбол болон пластик шалтай сагсан бөмбөгийн талбай байрших аж. Талбайг байгуулах хөрөнгийг 2021 оны улсын төсөвт суулгасан байсан тул хавраас эхлэн барьж энэ долоо хоногт ашиглалтад оруулсан гэв. Дээр дурдсан "Тэнгисийн шүр" ХХК энэ оны зургаадугаар сарын 29-нд зарлагдсан “Сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороо/” нэртэй тендерт шалгарсан. Тендерийн төсөвт өртөг 500 сая төгрөг. Үүнээс зөвхөн спортын талбайг ямар өртгөөр хийсэн нь тодорхойгүй ч дөрвөн тохижилтод нь хуваан үзвэл 100 гаруй сая төгрөг болох учиртай. Дээрх хоёр талбай нь хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх нөхцөлийг сайжруулсан, хэрэгтэй бүтээн байгуулалтууд боловч өвлийн өмнө ашиглалтад орлоо. Жилийн дөрвөн улиралтай Монгол орны хувьд өвөл нь гадаа талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн уралдаан зохиох, тоглох бололцоо хомс билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ