Apple компаний танилцуулсан шинэ бүтээгдэхүүн

Өнгөрсөн шөнө Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцууллаа. 2015 оноос хойш ганцхан удаа шинэчлэгдсэн, яахав дэлгэцийн хэмжээг оролцуулбал зарчмын хувьд 2 удаа шинэчлэгдсэн MacBook Pro загвар цоо шинэ хэмжээ, асар өндөр үзүүлэлттэйгээр худалдаанд гарах гэж байна.

Түүнчлэн гуравдугаар үеийн AirPods чихэвч, HomePod mini загварын нэмэлт гурван өнгөний сонголтыг танилцууллаа.

MacBook Pro загварын хувьд

Ажиглагчдын таамаглаж байсан ёсоор компани 14,2 инч болон 16,2 инчийн хэмжээтэй хоёр шинэ загвар танилцууллаа.

Хамгийн гол нь эдгээр шинэ загварын зөөврийн компьютерууд нь өнөөдөр зах зээл дээр байгаа ямар ч зөөврийн компьютертой харьцуулахааргүй өндөр хүчин чадалтай процессортой болжээ.

Шинэхэн M1 Pro, M1 Max чипнүүд нь CPU, GPU, NPU гээд байхгүй юм үгүй. Үзүүлэлтийн хувьд:

М1 Pro: 8-10 цөмтэй CPU, 14-16 цөмтэй GPU, 16 цөмтэй NPU, 16GB нэгдмэл санах ойтой.

M1 Max: 10 цөмтэй CPU, 32 цөмтэй GPU, 16 цөмтэй NPU, 32GB нэгдмэл санах ойтой.

Эдгээрээс гадна дэлгэц нь сүүлд танилцуулсан iPhone 13 Pro загвартай адил 120Hz хүртэл дэмждэг болсон бөгөөд ашиглалтаас шалтгаалан дэлгэцийн шинэчлэгдэх хурд өөр өөр байх аж.

video

Харин бусад зүйлсийн тухайд Apple компани 2016 оноос ашиглаж байсан Touchbar-ын оронд уламжлалт товчлууруудыг сэргээж түүнийгээ “Мэргэжлийн хүмүүсийн таашаалд илүү нийцсэн” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн загварын гадна төрх нь илүү хуучны загваруудтай төстэй болжээ. Тодруулбал 2006-2008 оны загваруудыг харвал одоогийнхтой гадна талаасаа тун төстэй болсон байна.

Гэхдээ Apple энэ жил нэг биш гурван зүйлийг шинэ загвартаа шингээж, HDMI оролт, SD карт уншигч болон MagSafe 3 цэнэглэгчийн оролтыг нэмжээ.

Ингэснээр шинэ бүтээгдэхүүнийг сонгосон хэрэглэгч нэмэлт залгуур авах шаардлага тун бага болж байна. Интернетээ утсаар шийдэхгүй бол шүү дээ.

Өчигдрөөс шууд захиалгаа авч эхэлсэн MacBook Pro загварын 14,2 инчийн хувилбар нь 1999 ам.доллароос эхэлж байгаа бол 16,2 инч нь 2499 ам.доллароос эхэлж байна. Харин ирэх долоо хоногоос хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх аж.

Өнгөний хувьд мөнгөлөг (silver) болон огторгуйн саарал (space gray) гэсэн хоёр сонголттой юм байна.

AirPods чихэвчний хувьд

Бүтэн хоёр жил шинэчлэгдээгүй энгийн AirPods чихэвч энэ удаад маш олон шинэ технологийг өөртөө шингээжээ. Хэдийгээр идэвхтэй чимээ тусгаарлах систем байхгүй ч гэсэн AirPods 3 загвар нь орон зайн аудио (Spatial Audio)-г дэмждэг болсон байна.

Ингэснээр чихэвчээр сонсогдох чимээ баруун, зүүн гэж хоёр хуваагдахгүй харин сонсож буй хүний эргэн тойронд мэт мэдрэмж төрүүлэх юм.

Түүнчлэн ус, хөлсний хамгаалалттай болж бүтэн цэнэгээрээ 30 хүртэл цаг ашиглах боломжтой болжээ. Өчигдрөөс урьдчилсан захиалга авч эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 26-ны өдрөөс хэрэглэгчдэд хүргэж эхлэх аж.

Үүнээс гадна Apple компани Apple Music үйлчилгээний төлбөрийг бууруулж, сарын 5 ам.доллар болгожээ. Гол нь ийм төлбөрийн нөхцөлтэй тохиолдолд зөвхөн Siri-ээр удирдаж болох аж.

Эх сурвалж: Apple

СЭТГЭГДЭЛ БИЧИХ