МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ
МҮХАҮТ-аас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ.
Эдийн засгийн сэргээх хөшүүргийн нэг нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал билээ. Монгол Улс хэдийгээр хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй боловч бусад улс орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй хэвээр байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт сайжирсангүй. Статистикаас харахад 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг байгалийн нөөц баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт эзэлж байна.
Монголын бизнесийн орчны 2020 оны хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой үзүүлэлтүүд дунджаас доогуур буюу хамгийн сул үнэлгээтэй гарсан. Тодруулбал, хөрөнгө оруулалтын урамшууллын бодлого 2.37 буюу хамгийн доогуур үнэлгээтэй гарч, энэхүү бодлого бизнест дэмжлэг болсон эсэх үнэлгээ 2.11 болж 2017 оныхоос 0.31 пунктээр буурчээ.
2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нөлөөлсөн гэх боловч гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг эргэн харж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Мөн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулах, хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах, дэмжих чиг үүрэг бүхий бие даасан институтийг байгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байна.
МҮХАҮТ нь “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчдийн дунд цахимаар зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан гол саналуудыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад хүргүүллээ. Үүнд:
- Хууль тогтоомжийн тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх гол хүчин зүйлсийн нэг болж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж тогтвортой байх нөхцөлийг хангах,
- “Гадаадын хөрөнгө оруулагч” болон “Дотоодын хөрөнгө оруулагч”-ийн тодорхойлолтыг эргэн харах, олон улсын жишигт нийцүүлэх,
- Одоо мөрдөж байгаа хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт хийхээр байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт авахад хүндрэл учруулдаг. Хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн босгын асуудал дээр ялгамжтай байдлаар хандахгүй байх нь чухал байна.
- Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Татварын хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх зэрэг хуультай хэрхэн уялдаж байгааг нарийн тодорхойлох. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтын талаарх төрийн бодлого, зохицуулалт нь нэгдсэн байж, бусад салбарын хууль тогтоомжтой сайтар уялдах шаардлагатай.
- Тусгайлсан салбарын хууль, тогтоомжоор хөрөнгө оруулагчийг ялгаварлах, хөрөнгө оруулалтыг хязгаарлах үйл ажиллагаа явагдаж байгааг зохицуулах,
- Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан гарснаас хойш гарч буй зарим хууль тогтоомжийн нэр томьёолол болон холбогдох зарим заалт нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэр томьёо, холбогдох заалттай зөрчилдөж байгааг нарийвчлан зохицуулах,
- Тогтворжуулах гэрчилгээний хугацааг 5 жилээр нэмэгдүүлэх нь илүү оновчтой. Гэрчилгээ олгож буй хугацаа нь оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд хүрэлцэхээргүй богино байна. Тухайлбал, Улаанбаатар хотын бүсэд 30-100 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд нөхөх мэтээр зааж оруулсан нь үндэслэлгүй бөгөөд бодит бус.
- Хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулагчидтай зөвшилцдөг, мэдээллээр хангадаг механизмыг хуулинд оруулах, үүнийгээ хэрэгжүүлэх,
- Уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь чухал байна. Эдийн засгийг төрөлжүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүднээс уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж татах талаас бодлогын төвшинд бодитой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсыг гадаадын шууд хөрөнгө оруулалтад таатай, улмаар бүсийн болон олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц эдийн засагтай улс болох зорилтыг хуулийн үзэл баримтлал болон үндсэн зорилгод суулгаж өгөх нь ач холбогдолтой.
- Нэр төдий байгуулагдаад удсан Хөрөнгө оруулагчдыг хамгаалах төр хувийн хэвшлийн зөвлөлийг бодитой, үр дүнтэй ажиллуулах,
- Хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэлээр гарсан саналууд:
a. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтэд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын дагуу судалгаа хийх шаардлагатай байна.
b. Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой шаардлагатай хэрэгжилтийн механизм, Засгийн газрын холбогдох байгууллагын эрх үүргийг илүү тодруулах. Мөн шаардлагатай нөөц, чадавхыг бий болгож, баталгаажуулахад анхаарах.
c. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, түүний хэрэгжилтийн асуудалд улс төржих биш харин мэргэжлийн хүрээнд, мөн харилцан ашигтай байх зарчмуудад суурилан хэрэгжих бодлого, хуулийн орчныг бий болгоход анхаарах.
d. Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хангахад Төр, Засгийн газар болон хувийн хэвшлийн хоорондох тогтмол бөгөөд үр дүнтэй яриа диалоги, хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгон, ажиллуулах,
e. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэл, хөрөнгө оруулалтын улс орны хөгжилд одоо оруулж буй болон ирээдүйд оруулах ач холбогдлын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх,
f. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны ил тод байдлыг хангахын тулд бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, журмуудыг англи хэл дээр албан ёсоор орчуулдаг байх хэрэгтэй гэж саналд дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ