"Нийслэлийнхний 80 хувь шатахуунгүй болсноос долоо хоногийн дараа гэр хорооллын дийлэнх айл түлэх түлшгүй боллоо"
УИХ-ын гишүүн Ж.Доржханд болон Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд өнөөдөр Төрийн ордонд шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
Шахмал түлшний цэгүүдэд иргэд урт дараалал үүсгэн зогсож байгаа ч карт нь цэнэглэгдэхгүй байгаа, зөвхөн карт эзэмшигчид нь түлш олгоно гэх мэт шалтгааны улмаас айл өрх гал алдаж, хүйтэнд зутарч байгааг тэд онцолж, төр ажлаа хийж чадахгүй бол хувийн хэвшлийнхэнд боломж олго хэмээж байв.
УИХ-ын гишүүн Ж.Доржханд "Шахмал түлш хомсдож байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж байна. Учир нь 5-6 хоногийн өмнө нийслэлчүүдийн 80 хувь нь шатахууны хомсдолд орсон. 4-5 сарын өмнө Засгийн газар мэдэж байсан хэр нь зохион байгуулалт хийгээгүйгээс Улаанбаатарчуудын 80 хувь нь шатахуунгүй болсон. Харин одоо нийслэлчүүдийн 60 хувь нь амьдардаг гэр хорооллын өрхийн дийлэнх нь түлшгүй болов.
Засгийн газарт хангалттай их эрх мэдэл өгсөн. Одоо хянаж шалгадаг, хариуцлага тооцдог эрхээ УИХ эдлэх хэрэгтэй. Намрын чуулган эхэлсэн тул Монгол Улсад болж бүтэхгүй байгаа асуудлуудтай холбоотойгоор Засгийн газрыг ажлаа хийхийг, холбогдох албан тушаалтанд харицлага тооцохыг шаардах болно" гэлээ.
Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал "Түлш нь олон төрөлтэй. Манайд хэрэглэж байгаа нь ердөө нэг төрөл нь. Өмнө нь хувийн хэвшлийнхэн олон төрлийн түлш үйлдвэрлэдэг байсан бол одоо бүхий л үйл ажиллагааг төр хариуцан авсан. Гэвч тухайн үйлдвэр нь төлөвлөсөндөө хүрч ажиллахгүй байна. Тиймээс чаддаг хүмүүсийг ажлыг нь хийлгэх шаардлагатай байна" гэв.
"Иргэд яагаад хэдэн удаа галлахаа даргаас асуух ёстой вэ. Гэртээ хэдэн градусын дулаантай байхыг яагаад дарга шийдэх ёстой гэж"
Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Найдалаа "Айлууд гал алдаж байна. Хонон өнжин оочерлож байгаа иргэд картаа цэнэглэгдэхгүй байна, эсвэл тухайн хүнд заавал өөрт нь өгнө гэх мэт шалтгааны улмаас авч чадахгүй байна.
Төр өөрөө түлшийг нь хийнэ гээд хувийн хэвшлийг шахаж гаргасан. Иргэдийг хэдэн удаа гал түлж, хэр хэмжээний түлш хэрэглэхийг нь хүртэл зааж, хязгаарлаж байна. Жилийн жилд өвөл болж, аравдугаар сард сэрүүсдгийг бүгд мэднэ. Гэтэл яагаад дулаан цагт түлшээ хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чадаагүй юм бэ.
Асуудлыг шийдэх гарц нь хувийн хэвшилдээ боломж олго. Утаа бага гаргадаг түлш хийх олон сайн санаачилга бий. Картаар олгохоо боль. Иргэд яагаад хэдэн удаа галлахаа даргаас асуух ёстой вэ. Гэртээ хэдэн градусын дулаантай байхыг яагаад дарга шийдэх ёстой гэж. Иргэд хэдэн шуудай түлш авахаа өөрөө шийдэг, нийлүүлэлтийг чөлөөлөх хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ