COVID-19: 1.6 тэрбум хүүхэд сэтгэл санаа, боловсролоороо хохирч байна
Цар тахлын дараах дэлхийг экспертүүд олон янзаар тодорхойлж байна. Харин ирээдүйд гарах уршгаар нь эрэмбэлбэл хамгийн хөнөөлтэй нь боловсролын салбар гэдэгт санал нэгдэж буй. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд сүүлийн хоёр жил боловсролын салбарт “цонх” үе бий болж улс орнууд ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцийн мэдлэгт санаа зовниж байгаа юм.
UNESCO-оос гаргасан судалгаагаар энэ оны байдлаар дэлхий даяар нийт хүүхдийн 91 хувь буюу 1.6 тэрбум хүүхэд цар тахлын нөлөөгөөр эрүүл мэнд, сэтгэл санаа болон боловсролоороо хохирч байна гэдгийг онцоллоо. Үүнээс нэг тэрбум сурагч сурлагын хоцрогдолтой байгаа бол бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байгаа судалгааг гаргажээ.
Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.
Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авсан.
UNESCO: БАГА АНГИЙН 100 САЯ ХҮҮХЭД УНШИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Цар тахал дэгдсэн эхний жил дэлхий дахинд тэрбум гаруй хүүхэд сургуульд явж чадаагүй. Үүний улмаас 47 улс хөгжлийн байдлаасаа хамаарч теле хичээлээр сурагчдад боловсрол олгоод байсан юм. Тэгвэл UNESCO-оос гаргасан судалгаагаар энэ оны байдлаар дэлхий даяар нийт хүүхдийн 91 хувь буюу 1.6 тэрбум хүүхэд цар тахлын нөлөөгөөр эрүүл мэнд, сэтгэл санаа болон боловсролоороо хохирч байна гэдгийг онцоллоо. Үүнээс нэг тэрбум сурагч сурлагын хоцрогдолтой байгаа бол бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байгаа судалгааг гаргажээ.
Манай улс зоригтой шийдвэр гаргаж танхимаар боловсрол олгож эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж байна. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авсан” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “COVID-19” цар тахлын халдвар зөвхөн сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Хичээл эхлэхээс сарын өмнө Боловсрол, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цэцэрлэг, ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зохицуулалт хийж өгсөн. Уг тушаалд танхимаар хичээллэх үед гурваас дээш хүүхдэд халдвар илэрвэл тухайн давхар, жигүүрт байх бүх ангийг цахимд шилжүүлэхээр заажээ. Ингээд хичээл эхэлсэн эхний долоо хоногт 505 ЕБС-ийн 514 мянган сурагч танхимын болон зайн хэлбэрээр суралцаж байгаад халдварын тохиолдол илэрснээс болж 100 сургуулийн 29 мянган хүүхэд гэртээ хөл хорионд оржээ. Тэгвэл дараагийн долоо хоногт нь буюу есдүгээр сарын 10-ны байдлаар 245 сургуулийн 43.3 мянган хүүхэд ковидын халдварын улмаас цахим сургалтад шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт хугацааны 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 70 орчим хувийг алдаад буй.
НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас нийслэл болон орон нутгийн 555 эцэг, эхээс цар тахлын боловсролд үзүүлж буй нөлөөний талаар судалгаа авахад 95 хувь нь хөл хорио хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна гэж харилжээ. Тэд хүүхдээ халдварт өртөх вий гэж эмээж байгаа ч танхимаар боловсрол эзэмшиж, нийгэмших нь илүү чухал гэж үзсэн байна. Мөн Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгаанд “Хөл хорионы дараа ЕБС-ийн танхимын сургалт эхлэхэд орон нутагт 47478 хүүхэд хичээл сургалтад хамрагдаагүй бөгөөд 1450 сурагч сургуулиас хөндийрсөн” гэсэн байна. Зайн буюу танхимын сургалтаас үүдэн сургууль завсардах магадлал их байгааг дээрх судалгаанд онцолсон байна.
АНГИЙН БАЙРЛАЛААС ХАМААРЧ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм. Тухайлбал, нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн, ангийн байрлалаас хамаарч давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд. Өөр хоорондоо хамааралгүй гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд COVID-19-ийн тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэрээр хичээллэж буй.
Харин COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн, вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн, өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг, хичээлийн байранд халдвар гарсан бол сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж буй юм байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ