Таамаг: Ирэх жилүүдэд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь15-20 мянган долларт хүрнэ

Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк өнгөрөгч арванхоёрдугаар сард дэлхийн зэх зээлд дээрх зэсийн ханш 2021 онд тонн тутамд 9500 ам.долларт хэлбэлзэнэ гэх тооцоог хийсэн. Мөн 2022 онд зэсийн ханш тонн тутамд 10 мянган ам.доллар давах урьдчилсан таамгийг дэвшүүлж байв.

Тэгвэл 2021 оны тавдугаар сард Лондоны Металлын бирж дээрх зэсийн үнэ тонн тутамд 10460 ам.долларт хүрч, түүхэн рекорд ханш тогтоосон билээ.

Гэвч Бээжин түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор энэ оны хоёрдугаар хагаст зэс, хөнгөн цагаан, цайр болон бусад үндсэн металлын стратегийн нөөцөө дуудлага худалдаагаар зарж эхэлсэн. Тухайлбал, хамгийн сүүлд есдүгээр сарын эхээр БНХАУ дуудлага худалдаагаар 150 мянга гаруй тонн үндсэн металлыг зах зээлд борлуулсан юм.

БНХАУ дэлхийн нийт зэсийн хэрэглээний 54 хувийг дангаараа эзэлдэг бөгөөд дэд бүтцийн томоохон төслүүдийг дагаж манай урд хөршийн зэсийн эрэлт жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс Бээжин түүхий эдийн стратегийн нөөцөө зах зээлд нийлүүлэх замаар эрэлтийг бууруулж, үнэ тогтоох арга хэмжээг авсан.

Улмаар 2021 оны гуравдугаар сард 70 мянган тонн байсан Лондоны Металлын биржийн агуулах дахь зэсийн биет хэмжээ өнгөрөгч долоо хоногт 225 мянга гаруй тонн болтлоо өссөн байна. Агуулах дахь зэсийн нөөц өсөхийн хэрээр 2021 оны долдугаар сард зэсийн ханш тонн тутамд 9200 ам.доллар, наймдугаар сард 8892 ам.доллар болж буурсан юм. Гэхдээ зах зээлийн идэвхжил явагдсанаар есдүгээр сарын эхний долоо хоногт зэсийн ханш тонн тутамд 9650 ам.долларт хүрч, 2021 оны хоёрдугаар хагас жилийн дээд үзүүлэлтэд хүрсэн юм.

Харамсалтай нь, Хятадын барилгын салбарт өрийн хямрал нүүрлэж, эдийн засаг нь савлагаанд орсноор дэлхийн зах зээл дээрх голлох түүхий эдийн ханш сүүлийн өдрүүдэд дахин уналтад орсон билээ. Лондоны Металлын биржийн өнгөрөгч мягмар гаригийн арилжаагаар зэсийн ханш 8976 ам.долларт хүрсэн. Гэхдээ Хятадын тТв банк эдийн засагт гал унтраах арга хэмжээ авч эхэлснээр түүхий эдийн зах зээл сэргэж, даваа гаригийн арилжаагаар зэсийн ханш тонн тутамд 9369 ам.долларт хүрсэн таатай мэдээ байна.

Хамгийн гол нь, зэсийн ханш энэ онд ихээхэн савлагаатай байсан ч түүхий эдийн зах зээлийн шинжээчид ирэх жилүүдэд зэсийн ханш өссөөр байх таамгийг хэвээр хадгалж байгаа нь таатай мэдээ юм. Тухайлбал, “Goldman Sachs” банк 2025 онд зэсийн ханш тонн тутамд 15 мянган ам.долларт хүрнэ гэх урьдчилсан таамгийг дэвшүүлсэн. Мөн зарим шинжээч зэсийн ханш ойрын ирээдүйд 20 мянган ам.доллар давах боломжтой гэж харж байгаа юм. Тэгвэл дэлхийн хэмжээнд зэсийн эрэлт улам бүр өссөөр байх хандлага нь үнэ өсөх гол шалтгаан болж байна.

Зэсийн эрэлт өсөхөд дараах гурван хүчин зүйл голлон нөлөөлж байна.

1. Их гүрнүүд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогууд хэрэгжүүлж, цахилгаан автомашин үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн.

2. БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг их гүрнүүд дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй барилга байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон. Жишээ нь, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон барилга нь өөрийгөө сэргээгдэх эрчим хүчээр хангадаг, дэд бүтцийн шугамууд нь зэс байх шаардлагатай.

3. Зэсийн эрэлт нэмэгдсээр байгаа ч ирэх 10-15 жилийн хугацаанд шинээр үйлдвэрлэл эхлэх зэсийн төсөл байхгүй байна. Үндсэндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь дэлхий дахинд хүлээгдэж буй хамгийн том зэсийн төсөл юм.

Түүнчлэн зэсийн эрэлт нь нийлүүлэлтээ давж болзошгүй дүр зураг ажиглагдаж байна. Дэлхийн хэмжээнд энэ онд зэсийн хэрэглээ 23.6 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бол 2026 он гэхэд 28 сая, 2030 он гэхэд 31 сая хүрэх төсөөлөлтэй байгаа юм. Австралийн Үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн газрын судалгаагаар ирэх арван жилд цэвэршүүлсэн зэсийн эрэлт 31 хувь өсөх тооцоог хийсэн. Гэтэл боловсруулсан зэсийн үйлдвэрлэл 2021 онд 24.6 сая орчим тонн байгаа бол 2025 он хүртэл жилд дунджаар 2.9 хувь өсөж 27.6 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ