Социал-демократууд Германы бундестагийн сонгуульд ялав

  Германы социал-демократ нам (ГСДН) есдүгээр сарын 26-нд тус оронд болсон бундестагийн 20 дахь удаагийн сонгуульд ялжээ. Сонгуулийн дүн Германы сонгуулийн комиссын сайтад  нийтлэгдсэн байна.
  Германы бүх 299 тойрогт санал өгсөн дүнгээс үзвэл, социал-демократууд 25,7 хувийн санал авчээ. Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбооны  (ХАХ/ХНХ) эвсэл нийтдээ 24,1 хувийн санал авсан байна. Тийнхүү хоёр тэргүүлэгч намын авсан саналын ялгаа 1,6 хувь  болжээ. “Ногоонтнууд” 14,8 хувийн саналаар гуравт орж байна. 
Чөлөөт ардчилсан нам 11,5 хувийн санал авчээ. Сонгогчдын 10,3 хувь нь “Германы өөр зам” намын төлөө санал өгсөн байна. Зүүний нам 4,9 хувийн санал авсанаар, таван хувийн босго давж чадсангүй. Тийнхүү  тус нам 2002 оноос хойш анх удаа бундестагт орж чадсангүй.  Германы оршин суугчдын нийтдээ 8,7 хувь нь бусад намын төлөө санал өгсөн байна.   
Тэргүүлэгч намуудаас Германы канцлерт нэр дэвшигч Олаф Шольц (ГСДН) болон Армин Лашет (ХАХ/ХНХ) нар католиг шашны Зул сарын баяраас наана шинэ засгийн газрын эрх баригч эвслийн тухай хэлэлцээг дуусгах бодолтой байгаагаа мэдэгджээ. Хэрвээ наана нь амжиж дуусгавал “бүр сайн” гэж Шольц хэлсэн байна. Шинэ засгийн газар “Зул сарын баяраас” өмнө ажилдаа орох ёстой, учир нь ирэх жил Герман улс G7-гийн бүлгийг даргална гэж Лашет онцлон тэмдэглэжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ