“Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнгийн үеэр Монголын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 21-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг дурдаад энэхүү тэмдэглэлт ойн жил манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд айлчилж, Абу Даби хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх, “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцож, улс орноо сурталчлах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашими Монгол Улс “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна гээд үзэсгэлэнгийн үеэр зохиогдох “Монголын өдөрлөг” арга хэмжээ нь Монгол Улс, АНЭУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ