Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барина

Засгийн газрын хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцлээ. Шийдвэрлэсэн асуудлын талаар сайдууд мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлж буй талаар мэдээллээ. Тэрбээр “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга гүйцэтгэгчтэй Эрчим хүчний яам энэ сарын 17-нд гэрээ байгуулж албажууллаа. Олон жил ярьж, хөөцөлдсөн Ховд голд байгуулах 90 мегаваттын хүчинчадалтай УЦС-ын барилга эхэлж байна.

Анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжилтнүүд судалж гаргасан байдаг. Түүнээс хойш 2018 онд дахин тооцоо хийж, энэ ажлыг эхлүүлэх шийдвэр эцэслэсэн.

Энэ төсөл хөтөлбөрийг БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ. Өртөг нь 288 сая ам.долларын төсөвтэй байсан. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит Овер Чайна болон бусад компаниудын түншлэл шалгарсан. 271 сая ам.доллараар, өөрөөр хэлбэл төсөв өртгөөс 14 сая ам доллараа хямдарсан тендерийн санал ирүүлсэн. 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээ байгууллаа. Ажил гүйцэтгэх хугацаанд 800-1000 түр ажлын байр бий болгоно. Ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр бий болно.

УЦС ашиглалтад орсноор одоо байгаа баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Одоогоор баруун бүсийнхэн эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авч байна.

Монгол Улсын эрчим хүч бас тодорхой хэрэгцээгээ импортоор хангаж байна. Дэлхий нийтээрээ эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг болж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС бол энэ жишгээр баригдаж байгаа юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ