Монголын сагсан бөмбөгчин охид дэлхийн чансааг тэргүүлж байна
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ ОУСБХ/-ноос “3×3” сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 18-ны өдөр шинэчилжээ. Уг чансааг Монгол Улсын 23 хүртэлх насны охидын баг тэргүүлжээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэйчүүдийн чансааг Монгол Улсын 1 дүгээрт эрэмбэлэгдсэн бахархалтай мэдээг ФИБА-гаас мэдээллээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн билээ. Улмаар U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3×3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм.
Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Каир хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2 дугаар байрт орсон.
Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6 дугаар байрт шалгарлаа. Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн өрсөлдсөн цорын ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байсан юм.
Дээрх цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748 763 болж Монгол Улс дэлхийн чансааны тэргүүн эгнээнд ийнхүү жагсаж эхэллээ. Мөн тус чансааны эхний 10 байрт Монголын 3 тамирчин багтсан. Тодруулбал О.Хулан чансааны 2 дугаарт, Б.Ариунцэцэг 8 дугаарт, Г.Минжин 9 дүгээр байрт бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ